Газын зурвас дахь хүн амын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч, хүн амын талаас дээш хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлж буй.
Тодруулбал, Израил, Хамасын мөргөлдөөнөөс болж Газын зурвас дахь энгийн иргэд хоол, усны нөөцгүй, мөн цахилгаан, харилцаа холбоо барих боломжгүй нөхцөлд гацсан байна. Сүүлийн 70 хоногийн хугацаанд Газын зурвас руу шаардлагатай нийт хэмжээний 10 орчим хувьтай дүйцэхүйц хоол хүнс орж ирсэн гэдгийг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдээлсэн юм.
“Human Rights Watch” олон улсын байгууллагаас Израилыг газын зурвас дахь энгийн иргэдийн өлсгөлөнг дайны зэвсэг болгон ашиглаж байна хэмээн буруутгасан. Улмаар Израилыг дайны гэмт хэрэг хийж байна ч гэж дүгнэсэн байна. Египетийн эрх баригчид Израил болон Хамас бүлэглэлийн хооронд түр хугацаанд гал зогсоох тухай яриа хэлэлцээ хийхийг уриалж эхэлсэн ба Хамас бүлэглэлийн нэг удирдагч энэ талаар хэлэлцэхээр Египетэд очсон байна. Харин Израилийн хувьд ойрын хугацаанд гал зогсоох хэлэлцээр хийх боломжгүй байгаа талаар мэдээлжээ.