Украины ерөнхийлөгч Володимир Зеленский жилийн эцсийн хэвлэлийн бага хурлаа зохион байгууллаа. 2022 оны 2-р сард дайн эхэлснээс хойш барууны орнууд тасралтгүй Украиныг дэмжиж ирсэн. Харин Ойрх Дорнодын мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ-ын тусламж дэмжлэг эргэлзээтэй болж, Европын Холбооноос Унгар улсын эсэргүүцэл хүчтэй болсон билээ. Тиймээс В.Зеленский АНУ тэргүүтэй холбоотнууд нь өөрсөдтэй нь хамт байна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн тулааны талбарт Украины арми Оросын армийн довтолгоог тогтоон барьж, зарим тохиолдолд эсрэг давшилтуудыг ч амжилттай хийж байсан гэж Украины ерөнхийлөгч онцоллоо. Армийн тухайд, ирэх оноос Украин 500 мянган цэргийг дайнд нэмж дайчлахаар төлөвлөж байгаа аж. Харин ийм их хэмжээний цэргийг байлдааны талбарт дайчлахад 13,4 тэрбум ам.доллар шаардагдахаар байгаа гэсэн юм. Гэвч ирэх онд Украины төсвийн алдагдал 40 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа. Одоогоор 1 сая гаруй цэрэг зэвсэгт хүчинд зүтгэж байгаа ба дайн сунжрах нь Украины талд алдагдал ихтэй гэдгийг шинжээчид хэлж байна.