Шинэ жилийн баярыг угтан нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй хоёр давхар автобусыг чимэглэж, жолооч нь сантагийн хувцас өмсөн, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэлжээ. Энэхүү автобус нь Офицеруудын ордон-5 шар чиглэлд явах ба 07:00 цагаас 22 цаг хүртэл үйлчлэх юм. Автобусанд суусан иргэд нийгэмд өрнөж буй олон сөрөг асуудлуудын хажуугаар жижигхэн ч гэсэн эерэг зүйл санаачилсан нь шинэ жилийн уур амьсгал оруулж, сайхан сэтгэгдэл төрүүлж байгааг хэллээ.
Иргэдийн сэтгэгдэл:
- Гоё чимэглэсэн байгаа нь шинэ жилийн уур амьсгал оруулаад их гоё байна.
- Яг ингээд чимэглэсэн байгааг нь харахад гоё шинэ жилийн уур амьсгал орж байна. Цаанаасаа л аз жаргал төрүүлмээр улаан өнгө дээр ногооноор чимэглэсэн нь гоё санагдаж байна. Үнэгүй явуулж байгаагийн хувьд заримдаа автобусны картаа хаясан ч юм уу мөнгөгүй явах үе бий. Тийм үед нэг автобус ч ингээд үнэгүй явж байвал их нь гоё санагдахаар байна.
- Автобус чимэглэсэн байгааг хараад сэтгэл хөдлөөд гоё байна. Шинэ жил болж бүх зүйл шинээр эхлэх гэж байна. Сайхан санаа байна.
- Сүүлийн үед нийгэмд сөрөг зүйлс өрнөж, шинэ жил болох гэж байгааг ч мартсан байна. жижигхэн ч гэсэн ингээд чимэглэсэн байгааг хараад “Нээрээ шинэ он гарах гэж байгаа шүү дээ” гэж бодогдлоо.
Зорчигч тээвэр-3 ХХК-ийн жолооч н.Батхишиг “Манай автобусанд сууж байгаа хүмүүс их таатай байгаа. Энэ чимэглэлтэйгээ Арванхоёрдугаар сарын 30 хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Иргэдийн сэтгэгдэл их өндөр, яасан гоё автобус вэ гэж байна. Дийлэнх хүмүүс ийшээ сууя гээд сууж байна. Угийн ачааллаа дийлдэггүй байсан. Одоо үнэгүй гэхээр бүр их ачаалалтай болж байна. Анзаараад байхад манай автобусыг хүлээж байгаад сууж байгаа хүмүүс ч байна” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.