Нүүрсний асуудлаарх хоёр дахь шатны сонсголын хүрээнд өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүжүүлсэн Богдхан төмөр зам төслийн мэдээллийг танилцуулж байна.
Шинжээчийн дүгнэлт:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 28, 7-ны өдрийн 31 тоот тогтоолуудаар их хэмжээний хэлцэл хийх эрхийг Б.Ганхуяг захиралд олгосон байна. Энэ хүрээнд туннель, эстакадан гүүр байгуулахад шаардагдах 734 сая ам.долларын санхүүжилтийг нүүрс урьдчилан борлуулах болон бусад хэлбэрээр санхүүжүүлэх гурван талт гэрээ байгуулах эрхийг олгосон. Энэ хүрээнд 2022 оны зургаадугаар сарын 27-нд гэрээ байгуулагджээ.
Нүүрс нийлүүлэх гэрээ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК болон Бодь группийн хооронд байгуулагдаж, хамгийн багадаа таван жил үргэлжилнэ гэжээ. Гэрээний төлбөрт мөнгөөр 43 тэрбум төгрөг, нүүрсээр 88.2 тэрбум төгрөгийг төлсөн. Одоогоор ямар ч гүйцэтгэл байхгүй. Түүнчлэн гэрээ байгуулахдаа 13 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байна.