Нүүрсний сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд "ЭТТ" ХК-иас оруулсан хөрөнгө оруулалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судална.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: ЭТТ ХК Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн 64 хувийг эзэмшиж байгаа юм байна. Монголын төмөр зам 34 хувийг нь. Би үүн дээр Монголын төмөр зам 60-70 хувиа эзэмшиж явах учиртай гэж боддог юм. Монголын төмөр зам яагаад давуу эрхээ эдлээгүй юм бэ?
Монголын төмөр зам компанийн гүйцэтгэх захирал асан Батсүх: Яг эхлэх үеийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой гэрээ байгуулах үеэр би дэд захирал байсан. Гүйцэтгэх захирлаар Цэнгэл захирал байсан. 267 сая долларын асуудал Гашуунсухайтын төмөр замын асуудал дээр байгаа шүү дээ. Энэ утгаараа мөнгөө илүү оруулж байгаа нь их хувь эзэмшинэ гэх зарчмаар гэрээ хэлцэл хийгдсэн.
Б.Энхбаяр:Ингээд болоо юу? Ийм товчхон уу?
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Ганхуяг захирал байсан бол асуухаар л байлаа. ЭТТ ХК хөрөнгө оруулагчийнхаа хувьд оруулсан мөнгөний хэмжээгээр хувь эзэмшинэ гэж дайрсан сураг бий. Жанжин штаб бүтээн байгуулалтад 11 хувийн оролцоотой ажилласан юм байна. Нууцын зэрэглэлтэй байсан асуудал нууцаасаа гарсан юм байна. УБТЗ 40 хувийн ажлыг нь хийж. Жанжин штабын оролцоо яг ямар байсан юм бэ?
Монголын төмөр зам компанийн гүйцэтгэх захирал асан Батсүх: Газар шорооны ажлын 26 хувийг Зэвсэгт хүчнээс гүйцэтгэсэн. Гэрээн дээрээ ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Бидний хувьд хоёр жилийн хугацаанд энэ том ажлыг хийж дуусгасан. 24 цагийн хугацаар тасралтгүй ажилласан юм. Төмөр замын дэд бүтцийн талыг нь зэвсэгт хүчнээс гүйцэтгэсэн.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: Өнөөдрийн байдлаар энэ төмөр замаар сайжруулсан түлшний бодис зөөх ажил л хийж байна. Баахан ажилтантай. Вагон нь байхгүй. Зүтгүүр нь байхгүй. Төмөр замын бүтээн байгуулалт дээр харамсаад байдаг зүйл нь юу гэхээр ТЭЗҮ гээд хэдэн зузаан өнгөтэй цаас хийж мөнгө угаадаг асуудал.
Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга өдөр бүр очоод л гүйцэтгээд байсан. Гэтэл 11.8 хувийг нь л хийсэн байгаа юм. Хийсэн ажлынхаа 50 хувьд тэнцэх мөнгөөр техник хэрэгсэл худалдаад авчихсан. Мэргэжлийн хүн байсан юм уу? Баталгаатай төмөр зам гэдгийг хэн батлах вэ? Тусгай зөвшөөрөлтэй нэг ч компани байгаагүй. Араас нь хөөж байж зөвшөөрөл өгсөн. Төмөр замыг хэн баталгаа өгч хүлээн авсан юм бэ? 60 тэрбумаар авсан техник хэрэгсэл нь одоо байгаа юм уу?
Жаргалсайхан: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг Зэвсэгт хүчин хийж байсан учраас нэр төртэйгөөр хийж гүйцэтгэсэн. Техникийн хувьд ЗГ-аас ажлын хэсэг гарч сонгон шалгаруулалт явуулж худалдан авалт хийсэн. Нэг ширхэг хадаасыг хүртэл ажлын хэсгээр оруулж байсан. Энэ төмөр замын ажилд орсноор бид ажлаа хийж чаддаг болсон. Нэг ч гадаад хүн ажлаагүй. Өөрсдөө ТЭЗҮ-гээ хийж тасав мөнгөө босгосон.