Нүүрсний сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд "ЭТТ" ХК-иас оруулсан хөрөнгө оруулалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судална.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төсөл өнөөдрийн байдлаар хүчин чадлынхаа 10 хувийг л ашиглаж байгаа талаар шинжээч танилцууллаа. Энэхүү төмөр замын төсөл нь нэг их ная 392 тэрбум төгрөгийн санхүүжилттэй аж. Энэ талаар түр хорооны дарга Б.Энхбаяр асуулт асуулаа.
Б.Энхбаяр: Энэ төслийг анх эхлэхдээ цэргүүдийг оролцуулж хямд зардлаар барина гээд их шуугисан. Зэвсэгт хүчин оролцсон гэдэг утгаараа бүх гэрээ улсын нууцад хамаарсан. Гэтэл 11.8 хувийг нь л цэргүүдээр хийлгэж 88 хувийг нь компаниар хийлгэсэн. Өөрөөр хэлбэл Зэвсэгт хүчнээр хаацайлж улсын нууцад оруулсан гэсэн үг. Ажил гүйцэтгэхдээ УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудаар хийлгэжээ.
Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзулаас асууя. Тухайн үед таны ахын Говькапитал менежмент ХХК 13 тэрбум төгрөгөөр ажил гүйцэтгэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар хэлээч?
Ц.Батзул: Би дэд ажлын хэсэгт Хэрэг эрхлэх газрын даргын захирамжаар орж ажилласан. Энэ ажлын хүрээнд 2382 метр урт 27 гүүр барих ажиил байсан. Үүний сонгон шалгаруулах ажлыг УБТЗ-аас хийсэн. Гэвч эндээс нэг ч хүн гэрчээр ирээгүй байна.
Манай ах энэ компанийн 17 хувийг эзэмшдэг. УБТЗ-аас зөвшөөрөлтэй гүүр барих бүх компанид санал хүргүүлж, үнийн саналыг нь аваад сонгон шалгаруулалтаа хийсэн. Тухайн үед ажлын хэсгийн дарга нь генерал Ганзориг байсан. Түүнд би манай ах энэ компанийг эзэмшдэг учраас би сонгон шалгаруулалтад оролцох боломжгүйгээ хэлсэн.
Улаанбаатар төмөр зам ХНН-тэй төслийн дээд бүтцийн ажил, холбоо дохиоллыг суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан байна. Энд улстөрчийн хамаарал бүхий зургаан компани байна. Үүнд:
- “Болор болд зам” ХХК 5 тэрбум 70 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан. Б.Мэндсайхан нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын дүү. Иймд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын нэгдмэл сонирхол бүхий этгээд гэж авч үзжээ.
- “Аржроуд” ХХК 2.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Х.Мөнх-Эрдэнэ. “Мон арж зам” ХХК-тай нэгдмэл сонирхолтой. Энэ компанийн эцсийн өмчлөгч нь Г.Тэнгис. Тэнгис нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хүүхэд.
- “Монголзам групп” ХХК 24.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцогт. “Мосмеп” ХХК-иар нэгдмэл сонирхолтой. Нэгдмэл сонирхол бүхий этгээд УИХ-ын гишүүн Н.Ганибал.
- “Эрдэнэзам” ХХК 7.1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. “Бишрэлт холдинг” ХХК-тай нэгдмэл сонирхолтой. Нэгдмэл сонирхол бүхий этгээд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа.
- “Говь инфрастракчер” ХХК 13.2 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал “Говь капитал менежмент” ХХК. Эзэмшиж буй компанийн бүртгэлд Ц.Баянзул гэж нэр байна. Ц.Баянзул нь Ц.Батзулын ах. Ц.Батзул нь нэгдмэл сонирхол бүхий этгээд бөгөөд дэд ажлын хэсгийн гишүүн, Сангийн яамны газрын дарга.
- “Өвөрзалаат” ХХК 5.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Ц.Ганцэцэг. Эзэмшиж буй компани “Гүнбаялаг” ХХК. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч гүйцэтгэх удирдлага Ц.Туяа. Ц.Туяа нь Ц.Цэнгэлийн хүүхэд. Ц.Цэнгэл нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, БОАЖЯ-ны ТНБД гэсэн ийм хамаарлуудыг танилцууллаа.