Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран хүүхэд хамгааллын баг ажиллуулж эхэлж байна. Мөн дүүрэг, хороонд хамтарсан баг ажиллаж байгаа бөгөөд тухайн баг нь хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, албан ба албан бус боловсролд хамруулах зэрэг олон хэлбэрийн үйлчилгээг үзүүлж байгаа юм. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн айлдаа эргэн очиж, хяналт тавьж ажилладаг бөгөөд энэ удаа Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нэг айлд хянгалт тавьж очиж, шаардлагатай байгаа эд бараа материалын дэмжлэг үзүүлж ажилласан юм. Энэ талаар холбогдох албаныхан ийнхүү ярилаа.
Чингэлтэй дүүргийн 18-р хорооны Засаг дарга Ч.Ариунчимэг: Энэ айл нь гурван хүүхэдтэй. Цэцэрлэгийн насны нэг хүүхэд, ЕБС-ийн насны хоёр хүүхэдтэй эхнэр, нөхрийн хамт амьдардаг, дунд насны төлөөлөл болсон айл байгаа. Ер нь цаашдаа нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлэхэд олон шат дамжлаг, их хугацаа орно. Хамгийн гол нь үйлчлүүлэгч юу хүсэж байна гэдгийг тодорхойлж хоёр талаасаа хамтран ажиллаж эерэг үр дүнд хүрнэ гэсэн итгэлтэй ажиллаж байна гэв.
Нийслэлийн Гэр бүл залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мягмардорж: Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран хүүхэд хамгааллын баг ажиллуулж эхэлж байгаа. Хүүхэд хамгааллын баг нь хүүхдийн орчны эрсдэл, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлж байна.
Энэ хүрээнд бид сургуулийн нийгмийн ажилтан болон сургуулийн хүүхэд хамгааллын багуудыг ажиллуулан нэгээс тавдугаар ангийн сурагчдын мэдээллийг авч тухайн сурагчдад заавал асаргаа шаардлагатай байгаа эсэх эсвэл онцгой нөхцөл байдалд амьдарч байгааг тодорхойлж судалгааг гаргана. Уг судалгаанд үндэслэн дүүрэг, хороодын хамтарсан багтай хамтарч, өрхүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллана. Өнөөдөр бид Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нэгэн айлд ирсэн байна. Энэ айлд нөхцөл байдалд үнэлгээ хийж хэрэгтэй эд материалын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна" гэлээ.
Чингэлтэй дүүргийн 18-р хорооны Засаг дарга Ч.Ариунчимэг "Чингэлтэй дүүргийн 18 хороо нь нийслэлийн алслагдсан гэр хороололд байрладаг. Манай хороо нь 7800 хүн амтай, 2700 өрхтэй нэлээн томоохон гэр хороолол юм. 117 гудамжтай, маш олон худалдаа үйлчилгээний төвтэй, Долоон буудал гээд архины хамааралтай хүмүүс ихээр цуглардаг газартай ийм хороо байгаа. Энэ хороонд бол иргэд, хүүхэд хамгааллын төлөө ажилладаг хамгийн анхан шатны нэгж бол мэдээж хороо байдаг. Үүн дотроо хүүхэд хамгааллын хамтарсан баг байдаг. Хүүхэд хамгааллын хамтарсан баг төсөв, мөнгөгүй ч гэсэн бид иргэдийг соён гэгээрүүлье. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлье. Залуу үеэ зөв хүмүүжилтэй болгоё гэдэг юм уу. Иймэрхүү олон чиглэлээр ажилладаг. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хувь хүн, олон нийттэй идэвхтэй ажиллахаар зорьж байна" хэмээлээ.
Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нийгмийн ажилтан Б.Энххүслэн "Манай хамтарсан баг нь тухайн айлд төлөвлөгөө гаргаж төлөвлөгөөнийхөө дагуу ажилласан. Ер нь бол цаашид ажлаа үргэлжлүүлээд төлөвлөөд явна гэж бодож байгаа. Төлөвлөгөө гаргахад хамтарсан багийн гишүүд ярилцсан. Мөн тухайн иргэнтэйгээ ярилцаж өөрийнх нь юу хүсэж байгааг сонсоно. Үүнийх нь дагуу хариу үйлчилгээ үзүүлж, арга хэмжээ аваад ажилласан" гэв.