
2023 оны Олимпын төрлийн "Шилдэг холбоо"-гоор Монголын Жүдо Бөхийн Холбоо шалгарсан билээ. Тэгвэл Монголын жүдочид 2023 онд Их дуулга, тив, дэлхий, Азийн наадам зэрэг томоохон 12 тэмцээнд амжилт дүүрэн оролцож нийт 44 медаль зүүсэн байна. Ингээд бид тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлтэй 2023 оны амжилт, ялалтыг дүгнэн ярилцлаа.
Танай холбоог олимпын төрлийн "Шилдэг холбоо"-гоор нэрлэн МҮОХ-ны тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно" шагналыг хүртээсэн. Юуны өмнө баяр хүргэе.
Амжилтаа үнэлүүлсэн Монголын Жүдо бөхийн холбоо "Бөртэ Чоно 2023" шагналын эзэн болов
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл
Баярлалаа. Бид энэ онд Парисын олимпын наадмын оноо олгох "Улаанбаатар Их дуулга 2023" тэмцээнийг Монгол эх орондоо хүлээн авч зургаадугаар сард амжилттай зохион байгуулсан. Энэхүү тэмцээнийг чанар чансаа өндөртэйгээр зохион байгуулалтаа төлөвлөж хийсэн. Мөн баг тамирчид маань ч 2023 онд олимпын өмнөх жилээ амжилт, ялалт дүүрэн үдэж байна.
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Гран при, Гранд слам, Азийн наадам зэрэг нийт 12 тэмцээнд амжилт дүүрэн оролцсон байна. Нийт хэдэн медаль хүртсэн бэ?
Монголын жүдочид 2023 онд хилийн чанадад болсон томоохон тэмцээнээс нийт 44 медалийг хүртжээ
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл
Манай жүдо бөхийн холбоо мөн үндэсний шигшээ баг маань 2023 ондоо амжилттай өндөрлүүлж байна. Манайх нийтдээ 2023 ондоо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Гран при, Гранд слам гннд нийт 12 тэмцээнд оролцсон. Манай баг тамирчид 5 алт, 19 мөнгө, 20 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар энэ оноо үдэж байна.
Спортын холбоодын хувьд шинэ он гараад Улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж шигшээ багаа бүрдүүлэн хилийн чанадад болох тэмцээнд илгээдэг. Ирэх жил олимпын жил учраас хариуцлагатай жил ирж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээний тов нь гарсан уу?
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх дөрөвдүгээр сард болох тов гарчээ
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл
Шинэ он гараад бид Улсын аварга шалгарулуах тэмцээнээ 4 дгээр сард хийе гэсэн төлөвлөгөөтэй байна. 1-р сард бид амжихааргүй байна. Яагаад гэвэл бид 1-р сард Европын цуврал буюу Франц, Австри, Португал гээд цуврал тэмцээнд явж оролцох учраас тухайн сард улсын аварга шалгаруулах тэмцээнээ хийх боломжгүй байгаа тул орон зайтай сар нь 4 дүгээр сард байгаа юм. Улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулаад тодорхой хэмжээний багтаа шинэчлэл хийнэ. Тэгэхдээ бүр их 100 хувийн шинэчлэл хийхгүй. Ер нь бол шинэ залуу гарч ирж буй тамирчдаа харна, тэндээсээ өсөх ирээдүйтэй тамирчдаа шигшээ багтаа татан оруулж бэлтгэл сургуулилтдаа хамруулна. Цаашдаа бас гран при, гранд слам тэмцээнүүдэд оролцох, олимпын дараа орох багийг ер нь бүрдүүлнэ гэж бодож байна.
Жүдо бөхийн спортод эрэгтэй, эмэгтэй хүнд жингүүд дээр дараа дараагийн залгамж халааг бэлтгэх, үүн дээр танай холбооноос ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?
Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн хүнд жинд шинэ залуу буюу 20-22 насны залуучууд ид бэлтгэгдэж байна
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл
Одоо бол эрэгтэй -100, +100кг-ийн жин дээр манай хоёр шилдэг тамирчин байгаа. Цаашдаа хүнд жингүүд дээр дараагийн залгамж халааг бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна. Тухайлбал +100кг-ийн жинд Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамц маань Япон улсад жүдогоор суралцаад бэлтгэл сургуулилтаа хийгээд байж байна.
Ө.Пэрэнлэйжамц +100 кг
-100кг-д манай Б.Гончигсүрэн, Дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж байгаа юм. Харин манай О.Цэцэнцэнгэл бол 10-т эрэмбэлэгдэж байгаа.
Б.Гончигсүрэн -100 кг
О.Цэцэнцэнгэл -100 кг
Эмэгтэй хүнд жинд буюу +78 кг-ийн жинд манай А.Адъяасүрэн, Д.Номинзул нар байна.
А.Адъяасүрэн +78 кг
Д.Номинзул +78 кг
Харин -78кг дээр Отгонбаярын Хүслэн, Батбаярын Эрдэнэт-Од, манай Эдгээр тамирчид маань харьцангуй нас залуу тамирчид байгаа. Бүгд л 21, 22 настай хүүхдүүд байгаа болохоор ерөнхийдөө 2024, 2028 оны олимпын циклд барилдчих байх гэж бодож байна.
О.Хүслэн -78 кг
Жүдо бөхийн спортын төрөл олимпын эрх авах асуудал дээр бусад төрлөөс онцлогтой байдаг. Учир нь жүдочид оноогоо цуглуулж байж IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос жингийн чансааг 2024 оны 06-р сард шинэчлэн батлах учиртай. Үүний дараа "Парис 2024" зуны олимпт оролцох тамирчдын нэрс тодрох уу?
Одоогийн байдлаар Монголын жүдо бөхийн тамирчид 11 жинд олимпын эрхийн бүсэд болзлоо хангасан байна
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл
Олон улсын жүдо бөхийн холбоо бол тамирчид тэмцээн уралдаанд оролцож байж Олимпын эрхээ авдаг. Олимпын эрх бол жин тус бүр эхний 18-аар таслагддаг байгаа. Одоогийн байдлаар манай баг тамирчид 14 жингээсээ 11 эрхийн бүсэд болзлоо хангачихсан байна. Бид нар үлдсэн жингүүдээд он гараад бүгд л олимпын жиндээ ранкаа баталгаажуулах шаардлагатай байгаа. Мөн 3-4 жин маань эрхийн зоондоо хараахан орж чадаагүй, цөөхөн хэдэн оноо дутуу байна. Тэр жингүүд дээрээ оноо олгох тэмцээнд явуулж дутуу байгаа оноонуудаа нөхөж авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ер нь бол бүтэн багаараа л олимпт оролцох зорилготой байна. Эрэгтэй, эмэгтэй 7, 7 жиндээ нийт 14 эрх авч орох ёстой байдаг. Түүнээс одоогийн байдлаар баг тамирчид 11 жин дээр нь эрхийн болзлоо хангасан байгаа учраас манай холбоо болон шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нар бүгд л бүтэн багаараа л олимпт оролцох зорилготой төлөвлөн ажиллаж буйг дуулгая.
Ярилцсанд баярлалаа. Та бүхний ирэх онд оролцох эрхийн тэмцээнүүдэд өндөр амжилтыг хүсэн ерөөе.