Хятадын Ганьсү мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Гамшигт үзэгдлээс болж 130 гаруй хүн нас барж, олон зуун хүн шархаджээ. Түүнчлэн тус бүс нутгийн зарим хэсэг ус, цахилгаангүй болсон байна. Ганьсү Хятадын хамгийн хөгжил муутай мужуудын нэг юм. Тус улсын ерөнхийлөгч Ши Жиньпин Ганьсү муж руу аврах баг олноор илгээхийг тушаал болгосон байна. Аврах багийнхны мэдээлснээр 5000 гаруй байшин байгууламж газар хөдлөлтийн улмаас сүйрсэн аж. Аврах багт цагдаа, цэрэг, гал унтраах багийнхан нэмэлтээр ажиллаж буйг орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Гадаа цаг агаар хүйтэн байгаа тул аврах ажиллагаа хүндрэлтэй байгааг албаныхан мөн хэлжээ. Үүний дараахан Шинжаан мужид мөн газар хөдөлсөн тул сэрэмжтэй байхыг албаныхан анхаарууллаа.