Нүүрсний хулгайн асуудлаас үүдэн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарыг сонсголд гэрчээр дуудсан ч тэд ирсэнгүй. Эргэн сануулбал, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхдөө Ж.Мөнхбат “Гүтгэлэг гарсан байна. Үнэнийг тодруулна. Над руу галыг чиглүүлж буй нь өөрсдөө уснаас хуурай гарах гэсэн оролдлого. Нүүрсний асуудал гарах бүрт намайг гүтгэдэг болсон. Ганц ч тийм асуудал байхгүй” хэмээн мэдэгдэж байсан бол Т.Аюурсайхан харин “Би нүүрсний хэрэгт холбоогүй. Намайг цэвэр гүтгэж байна. Надтай холбогдуулсан энэ хэргийг үнэн зөвөөр шийдээсэй гэж хүсэж байгаа. Мөрдөн шалгах үйл ажиллагааг аль болох шуурхай явуулж үнэн зөвийг шийдэж өгөөсэй гэж хүсэж байгаа” хэмээж байлаа.
Гэтэл эрхэм хоёр даргад энэ бүхнээ олон нийтийн өмнө гарч ирж ярих боломжийг нээлттэй сонсгол олгосон ч нэг нь бүр тоож ч хариу өгөөгүй бол нөгөөх нь “эрүүл мэндийн шалтгаантай” хэмээн ирэхээс татгалзав. Үнэхээр л Монголын төр нь хуультайгаа нэгдэж нийлээд энэ хоёрыг нүүрсчин хэмээн гүтгэсэн бол сонсголын танхимд ирж байгаад буруугүй гэдгээ баримттай, нотолгоотой ярихад л болох асуудал байлаа. Гэсэн ч тэд ирсэнгүй. Энэ үйлдлээрээ нуух зүйлтэй, ичих асуудалтай, илрэх хулгайтай гэдгээ хэлж буй хэрэг билээ.
Ж.Мөнхбатыг нүүрсний хулгайд хамаатуулан шалтгаанаа хуулийнхан “Нүүрснээс олсон мөнгөөрөө багын найз, бизнесийн хамтрагч Б.Чойжилжалбуутай хамтран “Жаргалант” хотхонд 46 хаус барьсан байж болзошгүй” хэмээн мэдэгдсэн. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг томилоход Ж.Мөнхбат хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн төдийгүй тэр цагаас хойш нүүрстэй холбогдсон гэх сэжмийг ч хуулийнхан шалгаж буй юм билээ. Тэгвэл “Жаргалант” хотхоны хаусыг хэний мөнгөөр бариулсан, даргын томилгоонд нөлөөлсөн үү гэдгээ нотлоод, буруугүй бол гэм буруугүй гэдгээ ярих боломжийг тэр шүүрэхийг хүссэнгүй.
Харин Т.Аюурсайханы тухайд өөрийн оюутан цагийн найз, Оюутны холбооны андуудаа “Эрдэнэс Тавантолгой”-д шахсан хэрэгт холбогдсон. Үй зайгүй найз Б.Ганхуяг нь энэ том компанийг удирдах болсноор Т.Аюурсайханы гэх сэтэртэй маш олон хүн “Эрдэнэс Тавантолгой”-д бууриа зассан билээ. Т.Аюурсайханы шадар туслах И.Даваадорж, түүний хамаарал бүхий этгээдүүдийг нүүрсний хулгайн хэрэгт буруутган, гэр болон ажлын байранд нь хууль хяналтын байгууллагаас нэгжлэг хийж, цагдан хориод байгаа. Т.Аюурсайханы хоёр шадар туслах болох Б.Отгонжаргал, И.Даваадорж нар хуйвалдаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Уурхайн ажилчдын хотхон барих” 8.9 тэрбум төгрөгийн тендерийг будилаантуулж, өөрсдийнхөө “Лаки лайф” компанид авсан нь нотлогдсон.
Мөн нүүрсний квотыг дамлах, тендерүүд авч, хууль бусаар хөрөнгөжиж, улмаар 2020 оноос эхлэн хэд хэдэн газарт хаус хотхон барих замаар хулгайн мөнгөө угааж эхэлсэн байж болзошгүй баримтууд ч ил болоод байгаа юм. Харин Т.Аюурсайхан энэ бүхнийг мэдээгүй, мэдэхгүй хэмээн мэлзсээр байгаа бөгөөд яагаад гэм буруугүй вэ гэдгээ ирээд яриарай хэмээн Монголын төр түүнд урилга илгээсэн ч “би өвдсөн” хэмээн бултчихав. Нүүрсний гэх хэргийг будлиантуулах гэсэн захиалгат жагсаалын үеэр ч зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулж, оюутнуудад мөнгө өгч жагсааж байсан гэх асуудалд ч тэр нэр холбогдсон билээ. Шударгын дүртэй хоёр улстөрч ийнхүү сонсголоос хүртэл зугтаж алга болсноор гэмт хэрэгтнүүд гэдгээ зарлачихав бололтой.