Герман улсын кино урлагийн салбарт амжилттай ажиллаж буй жүжигчин, зохиолч Гансүхийн Ариунболортой ярилцлаа. Тэрээр анх 10 настайдаа Герман улсын Берлин хотод очиж өнөөдрийг хүртэл амьдарчээ. Эл эмэгтэй Ариана Гансүх гэх нэрээр олон улсад ажилладаг бөгөөд “Дурлалын гэмт хэрэг”, “Хохирогч” зэрэг монгол кинонд дүр бүтээж байснаар нь монголчууд сайн мэднэ.
Герман улс бол миний хоёр дахь эх орон. Энд сурч, боловсорч, гэр бүлтэй болсон учраас миний сэтгэл зүрхэнд байдаг болсон гэж ярих тэр оюутан байхаасаа эхлээд реклам, кино, клип зэрэг нийт 20 гаруй уран бүтээл дээр ажилласан туршлагатай аж. Түүнийг өнгөрсөн жил олны хүртээл болсон “Хохирогч” УСК-нд тоглосны дараа монголоос олон киноны санал ирсэн талаар бидэнд хуваалцсан юм.
МОНГОЛД АЖИЛЛАХААР ШАХААД, ХУРДАН ХИЙГЭЭД, ЧАНАРГҮЙ БҮТЭЭЛ ГАРГАХ ГЭЭД БАЙДАГ
Энэ талаар ярихдаа, “Надад маш их санал ирсэн. Би бүгдтэй нь танилцаж, зохиолоо уншсан. Би өөрөө зохиол бичдэг учраас кино зохиолд маш их анхаардаг. Яг үнэнийг хэлэхэд миний сэтгэлд хүрсэн зохиол одоогоор байхгүй байна.
Монгол кинонд тоглоход мөнгөний талын асуудал их бий. Кино гэдэг салбар нь өөрөө бизнес. Германд бол маш их мөнгө эргэлддэг бизнес. Монголд үүнийгээ бизнес болгох шаардлагатай. Хамгийн эхэнд кино хийхээс өмнө хүмүүсээ нэг стандартаар цалинжуулах ёстой. Мөн Монголд кино хийх үйл явц нь илүү хурдан байдаг. Шахаад, хурдан хийхээр чанар нь алдагдах эрсдэл өндөр. Тиймээс энэ талд анхаарах хэрэгтэй гэж боддог” гэлээ.
“УРДАХ АЖЛАА Л САЙН ХИЙЖ БАЙВАЛ БУСАД НЬ ӨӨРӨӨ ИРЭХ БАЙХ”
Тэр гурван наснаасаа эхлээд жүжигчин, урлагийн хүн болно гэж шийдсэн байжээ. Энэ шийдвэрээсээ буцалгүй, өөр зам сонголгүй, өнөөдрийг хүртэл урлагийн замаараа алхаж яваа нэгэн юм. Жүжигчин бүсгүй энэ талаар өгүүлэхдээ, “Би жүжигчин мэргэжлийг сонгоогүй. Энэ мэргэжил өөрөө намайг сонгосон” хэмээн хуучиллаа.
Тэрээр “Би нэлээн реалистик байдаг. Жаахан байхдаа Холливүүдийг хүсэн мөрөөддөг л байсан. Гэхдээ 30 нас гараад явж байгаа эмэгтэй, өнөөдрийн Ариана ажлаа л хийе гэсэн хүсэл мөрөөдөлтэй болсон. Мэргэжлээрээ л ажиллая, урдах ажлаа л сайн хийе. Би ажлаа сайн хийж байгаа цагт тэр Холливүүд гэдэг нь өөрөө над руу ирэх байлгүй дээ, харах байлгүй дээ гэсэн үзэл бодолтой болсон байна” гэлээ.
Ариана нөхөртэйгөө гэр бүл болоод 14 жил болж байгаа аж. Түүний нөхөр найруулагч, зохиолч мэргэжилтэй. Одоо өөрийн гэсэн продакшнтай болж, продьюсер мэргэжлээр давхар ажиллаж байгаа гэв. “Нөхөр бид хоёр одоогоор хүүхэдгүй. Хоёулаа урлагийн салбарт ажилладаг болохоор эдийн засгийн хувьд ч тогтворгүй байдаг байсан. Одоо л тогтвортой болж эхэлж байгаа учраас хүүхдийн талаар бодож эхэлж байна. Ойрын үед хүүхэдтэй болох зорилготой болсон” гэж гэр бүлийнхээ талаар хуваалцсан юм.
ХУАНЛИЙН ОРЛОГООР ХҮҮХДҮҮДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИНЭ
Тэрээр олон жил Улаанбаатар хотын утааны асуудалд эмзэглэж явсан тул өөрийн боломжоор утаанд хамгийн их өртөж буй хүүхдүүдэд туслах ажил эхлүүлжээ. Урам зориг бэлэглэх уриа үгтэй шинэ оны хуанлийг “Лантуун дохио” ТББ-тай хамтран худалдаалж эхэлсэн байна.
Энэ хуанлийн долоо хоног бүр нь нэг хүчирхэг уриа үг, авъяаслаг хүүхдүүдийн гараар бүтсэн нэг зурагтай. Энэ хуанлийг онцгой болгож буй бас нэг зүйл бол тэдгээр хүүхдүүдийн ирээдүйн боловсролыг дэмжих зорилгоор олсон ашгийн тэн хагас нь тус хүүхдийн байгууллагын орлого болох юм.
Зураг бүрийг ил захидал болгон хэрэглэж болох тул тус хуанли байгалийн тогтвортой байдалд ч мөн хувь нэмрээ оруулж байгаа гэнэ. Хуанлийг Alpha book номын дэлгүүрийн бүх салбараар худалдаалж байгаа аж.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.