Хятадын Тайванийн Тайпей хотноо жил бүр уламжлал болон зохиогддог “Taipei Marathon” олон улсын марафон гүйлтийн тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол улсын марафон гүйлтийн тамирчин ОУХМ Галбадрахын Хишигсайхан оролцож, барианд орохдоо 2.28.33 минутын амжилт үзүүлэн, хоёрдугаар байрт шалгарчээ. Өмнө нь түүний амжилт 2:32:09 байсан бол дээрх амжилтыг үзүүлснээр хувийн амжилтаа шинэчлэн тогтоожээ. Эмэгтэйчүүдийн ангилалд түүний өмнө Этиоп улсын тамирчин 2:27:14 секунд хурдалж тэргүүн байранд шалгарсан байна.
Марафон тэмцээн Тайпей хотын төв талбайгаас эхэлж, “Тайпей” цэнгэлдэх хүрээлэнд өндөрлөх маршруттай байжээ. Нийт олон улсын 28.000 орчим тамирчид, сонирхогчид оролцсон байна. 1986 оноос хойш зохиогдож буй Тайпей марафон нь 2021 онд “Дэлхийн хөнгөн атлетикийн байгууллагаас элит ангиллын тэмцээнд шалгарч, батламж хүртсэн. Тайванийн анхны олон улсын гэрчилгээтэй хотын марафон болсон юм.
Мөн ОУХМ Г.Хишигсайханы хувьд Япон улсад арваннэгдүгээр сарын 20-ны өдөр "Олон улсын хагас марафон" гүйлтийн тэмцээнд Хөнгөн атлетикийн ОУХМ, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, ахлах ахлагч Г.Хишигсайхан 1:10´32 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.