Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Чалкогийн урдчилгаа 350 сая ам доллар байсан нь сайн муу талтай. Энэ урдчилгаагаар халамжийн мөнгө тараасан. Графикийг нь харахаар яг үүн шиг эдийн засаг өссөн үү? Графикийг харахаар сайн гэрээ юм шиг. Халамж болгосныг нь харахаар муу гэрээ юм шиг. Энэ зөрчилтэй нөхцөл байдалд хувийн байр сууриа хэлээч?
С.Баярцогт: Энд сууж байгаа гурван сайд 2008-2012 онд ажиллаж байсан. Намайг сайд байхад 250 сая ам долларын гэрээ хийсэн. Энэ үе маш хүнд байсан. Эдийн засаг навс унасан байлаа. Хоёр банк дампуурсан. Монгол Улс бүх хадгаламжиндаа 100 хувь баталгаа гаргасан цөөхөн улсын нэг байсан юм. Ингээд ОТ, Таван толгой дээр эрчимтэй хэлэлцээр хийсэн. Ийм учраас маш богино хугацаанд амжилттай гэрээ хийсэн. 2011-2012 оны дүнг хар даа. Индексжүүлсэн үнээс өндөр үнээр гэрээ хийж байгаа юм. Зээлийн хүү нь гурван хувь. Ийм нөхцөлд гэрээ хийж байсан алтан үе байлаа. Тэр үед улс төрийн эрсдэл байгаагүй гэж гадаадын хөрөнгө оруулагчид үзэж байсан.
Энэ үед хүмүүсийн худалдан авах чадвар хоёр дахин өссөн. Энэ бол Монголын эдийн засгийн түүхэнд байгаагүй амжилттай үе. Үүнийг үр дүнд их хэмжээний ажлын байр бий болсон. Монгол улс кластерийн системээр хөгжих анхны загвар гарч ирсэн. Үүнээс хойш үеийг дараагийн ажил хариуцсан хүмүүстэй ярих хэрэгтэй.