БНАСАУ богино тусгалын баллистик пуужин харвасныг БНСУ-ын албаныхан мэдээллээ. Уг пуужинг орон нутгийн цагаар 10:38 минутын үед Япон тэнгис рүү Пхеняны чиглэлээс харважээ. Энэ пуужинг харвахаас өмнөхөн БНСУ-ын ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх БНАСАУ энэ сард тив алгасах баллистик пуужин харвана гэх мэдээллийг өгсөн юм.
Түүнчлэн АНУ-ын нийслэлд АНУ болон БНСУ-ын талууд цөмийн асуудлаар зөвлөлдөх уулзалт хийж буй. Улмаар АНУ, БНСУ, Япон улсууд БНАСАУ-ын пуужингийн заналхийллийн талаарх мэдээллүүдийг хоорондоо цаг алдалгүй солилцож байгаа гэв.
Харин БНАСАУ-ын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч талуудын ирэх жилд хийх хамтарсан сургуулилтыг хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, тийм сургуулилт болбоос Хойд Солонгос илүү хүчтэй, эсрэг арга хэмжээ авахаа сануулжээ.