Олон зуун жил төвийг сахисан байр суурьтай байсны эцэст Финланд улс энэ оны эхээр НАТО-д элссэн. Энэ нь ОХУ-ын хувьд тийм ч таатай мэдээ байгаагүй. Учир нь ОХУ-тай хиллэх 1300 гаруй км нь НАТО-гийн хилийн шугам болсон юм. Тэгвэл энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ням гарагт нэгэн ярилцлага өгөхдөө сөхсөн байна.
Тэрбээр “Тэд Финландыг өөрсдөдөө нэгтгэчихлээ. Яах гэж? Финландтай холбоотой газар нутгийн маргаан болон бусад зөрчил аль дээр үед л шийдэгдчихсэн шүү дээ. Ямар ч асуудал бидний хооронд байгаагүй. Гэхдээ одоо асуудал үүсэх болно. Бид тэнд Ленинградын цэргийн баазыг байгуулах болно” гэжээ.
Түүнчлэн энэ сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Хэрэв ОХУ Украинд ялалт байгуулбал тэд цаашид ч өөр улсуудад ижил хандана, заналхийлнэ” гэж хэлсэн. Үүнийг нь В.Путин няцааж, НАТО-гийн орнуудтай зөрчилдөх ямар ч ашиг сонирхол ОХУ-д байхгүй гэжээ.
Тухайлбал, Умард Атлантын цэргийн эвсэлтэй ОХУ ямар ч газар нутгийн маргаан байхгүй гэв. Эсрэгээрээ харилцаагаа хөгжүүлэхэд анхаарна гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч онцолсон байна.