Израилийн арми Газад явуулж буй дайралтынхаа үеэр барьцаанд байсан гурван иргэнээ “андуурч” хөнөөсөн гэв. Хохирогчид нь 28 настай Йотам Хайм, 22 настай Самер Талалка, 26 настай Алон Шамриз нар байжээ.
Тэд Газын хойд хэсэгт дайтаж байсан цэргүүдийн суманд өртсөн ба армийнхан гэмшиж буйгаа илэрхийлсэн байна. Мөн Израилийн батлан хамгаалах хүчин ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, энэ хэргийг мөрдөн шалгаж байгаагаа хэлжээ.
Эл үйл явдлын дараа Тел-Авив дахь иргэд жагсаж, үлдсэн иргэдээ яаралтай авчрахыг засгийн газраасаа шаардав. Аравдугаар сарын 7-нд мөргөлдөөн эхэлснээс хойш Израилийн 100 гаруй иргэн одоог хүртэл Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа юм. Гурван хохирогчийн цогцсыг Израилийн газар нутагт эргүүлэн авчирч, хэн болохыг нь тогтоожээ.