Монголын сайтын холбооноос санаачлан зохион байгуулж буй “ХОРИГДСОН ЭРХ ЧӨЛӨӨ” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт хуульч, өмгөөлөгч гээд мэргэжлийн зочдоос гадна хуулийн байгууллага буюу шүүх, прокуророор олон жил явсан хэдий ч олон жилийн хугацаанд хэрэг нь шийдэгдээгүй, одоо болтол сэтгэл санаа, эд хөрөнгө, цаг хугацаагаараа хохирсон "Хохирогч иргэд"-ийн төлөөлөл оролцсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр хохирогч иргэн;
"Манай "Төгс тулгуур" гээд компани 4 жил хууль шүүхийн байгууллагаар яваад хэргээ шийдүүлж чадахгүй, цаг хугацаа, эд хөрөнгөөрөө бүрэн хохироод байна. Газрын залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шинжээч томилоод ажиллуулахад 5,9 тэрбум төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна. 4,4 тэрбум төгрөгийн хохирлыг учруулсан байна гэж шинжээч дүгнэчхээд байхад СБД-ийн прокурор Булганчимэг гэж хүн бий. Тэр хүн хаачихдаг. Хаахаар нь заргалдаад буцаагаад сэргээнэ. Буцаагаад сэргээж яваад мөрдөн байцаах газраас гурван удаа яллагдагчаар татаж энэ хэргийг одоо таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөд хятадын иргэн дээр ингэе гэхээр СБД-ийн прокурор дээрээ хаагаад дараа нь Нийслэлийн прокурор дээрээ хаагаад, ингээд хамгийн сүүлд улсын прокурор дээрээ хаагдчихсан. Ингээд 4 жилийн хугацаанд 10 гаруй ААН, иргэд мөнгөө авч чадахгүй хохирчихсон байна" гэв.
Тэрээр хэргийг дэлгэрэнгүй тайлбарлахдаа:
"Миний хувьд бол 2017 оноос эхэлж 2019 оны 10 дугаар сар хүртэл одоо нэгдүгээр эмнэлгийн хажуу талд одоо сүүлдээ тэр орон сууцны барилга болсон л доо. Эхлээд зочид буудлын барилгаар бариад дуусаж байхад одоо орон сууц болгоно гээд Хятад компани цаад тал нь байдаг. Чангс Эделвайс гэж энэ компанийн ерөнхий гүйцэтгэгч нь Грийт голд стар констракшн гээд бас хятадын хөрөнгө оруулалттай компани. Ингээд Грийт голд стар хятадын хөрөнгө оруулалттай компанитай, Төгс тулгуур, Энхнаржаргал гэдэг компани туслан гүйцэтгэх ажил гүйцэтгэнэ гээд 2019 оны 10-р сар хүртэл зочид буудлын барилгаар явж байсан сүүлдээ зориулалт нь өөрчлөгдөөд орон сууцны барилга болоод ингээд дуусаад улсын комисс ажиллаад барилгынхаа зориулалтыг өөрчилсний дараа ашиглалтад авах боломжтой, дахиж комисс ажиллуулаа гээд шийдвэр гараад, дахиж комисс ажиллуулахаас нь өмнө хятадууд нь нутаг буцаад ингээд төлбөр мөнгөө өгөхгүй, тооцоогоо дуусгахгүй, удаа дараа ингээд байхаар нь одоо манай Төгс тулгуур компанийн гүйцэтгэх захирал Шавархааны Амангуль гэж хүн хуулийн байгууллагад хандахаас өөр аргагүй болсон. Би Амангулын хууль ёсны хохирогчийн төлөөлөгч.
Төлөөлөгчөөр энэ хэрэгт нь оролцож явсан. Удаа дараа Сүхбаатар дүүргийн прокуророос хаагаад, нийслэлийн прокурор дээр очиж сэргээгээд, СБД-ийн прокурорын дарга Амарбат гэдэг хүн дээр удаа дараа орж явж байсан бид нар. Энэ асуудлаа зарим үед нь сэргээнэ, зарим үед хаасан нь хаагдаж явсаар байгаад одоо хамгийн сүүлд 2023 оны 11-р сарын 10-ны өдөр 4 жилийн дараа энэ хэрэг бүрэн хаагдчихсан. Энэ яагаад хаагдаж байна гэхээр иргэний эрх зүйн маргаантай асуудал байна гэж прокурор үзэж байгаа. Энэ нь иргэний эрх зүйн маргаантай асуудал гэрээ байгуулагдсан гэдгээрээ тэгж үзээд байх шиг байгаа юм. Тэгээд гэрээ байгуулагдсаныг нь үзээд компанийг нь хөөгөөд явахаар 2020 оны хоёрдугаар сарын 04-ний өдөр компаниа Монгол улсад огт ирдэггүй, Монгол улсад одоо ч ирээгүй Хятад хүний нэр дээр шилжүүлчихсэн. Грийт голд стар констракшн гэдэг нь.
Ингээд иргэний эрх зүйн маргаанаар явъя, иргэний шүүхэд хандъя гэхээр тэнд хандаж болно, тэмдэгтийн хураамжаа төлөөд, бүх өмгөөлөгч, хуульчид үүнийг мэдэж байгаа. Маш олон өмгөөлөгч, хуульчтай 11-р сарын 10-аас хойш уулзлаа. Энэ хэргийг цаашаа өмгөөлөөд явах боломж бололцоо юу байна гэхээр тэд нар бүгд тайлбарлаж байна.
Монголд огт ирдэггүй Хятад хүний нэр дээр байгаа компанийг шүүхэд өгөөд нэхэмжлэх гардаж авах эрхтэй этгээд байхгүй гэдгээрээ наад хэрэг чинь явахгүй, ингээд наад хэрэг чинь улсын прокурор хаачихсан учраас дуусчихсан байна гэж байна. Тэгээд Чангс Эделвайс гэж компаниасаа бүх барилгынхаа санхүүжилтийг авчихсан Грийт голд стар констракшн гэж компани нь. Тэгээд туслан гүйцэтгэгч компаниуддаа өгөх ёстой төлбөрөө өгөөгүй, ийм нөхцөл байдалтай л байна" хэмээлээ.