Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, спорт холбоодын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын талаар орох заалтад тэдний саналыг тусгалаа.
Арга хэмжээнд 22 спорт холбоодын 46 тамирчин, дасгалжуулагч, эцэг эхийн төлөөлөл оролцож, 13 холбогдох саналаа хүргүүлэв. Дараа нь Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, спорт холбоодын орон тооны бус зөвлөлийн дүрэм болон бүрэлдэхүүнийг баталсан юм.
Зөвлөлд:
Нарийн бичгийн дарга: Ө.Мөнхтөр
Зөвлөлийн ахлах: Ц.Хатанбаатар
Гишүүнд: Б.Ганболд, Д.Ганбат, н.Даваасүрэн, Б.Хашцэцэг, н.Эрхэмбаяр, Т.Долгорсүрэн, Б.Мөнх-Оргил, Б.Мөнх-Од, Г.Самбууданзан нар сонгогдлоо.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 108 тамирчин байдаг бөгөөд үүнээс тэмцээн уралдаанд тогтмол орж буй нь 60 орчим юм. Энэ тоог өсгөх хэрэгтэй. Үүний тулд орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дунд тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг цэгцлэхэд хуулинд оруулах заалт чухал болохыг оролцогчид хэлж байна.
Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс энэ жил хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг дэмжих хүрээнд Монголын хүүхдийн спортын наадам, “Ханжоу-2022” Азийн зуны спортын пара наадам, Тусгай олимпын “Берлин-2023” зуны дэлхийн наадам, “Бишкек-2023” дифлипын наадам (чөлөөт бөх), пара таеквондо, пара жюү жицү бөхийн ДАШТ-д 291 тамирчин, 47 дасгалжуулагчаа хамруулж, 207 сая төгрөгийн мөнгөн шагнал олгожээ.