Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Б.Хонгорзул хорих 461 дүгээр ангийн гадаа хорих ангид байгаа нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Тэрээр “Манай үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэг нь 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр цагдан хоригдсон. Үүнээс хойш нийт арав хонож байна. Өлсгөлөн зарлаад 72 цаг болж байна. Биеийн байдал маш муу байна. Дуу хоолой нь гарахгүй, гар хөл нь чичирсэн байдалтай байна. Даралт нь унаж, царай нь цонхийсон байна.
Өмгөөлөгчийн хувьд аль болох өлсгөлөн зарлуулахгүй байх талаас нь зөвлөж, анхааруулж байгаа ч үйлчлүүлэгчийн хүсэлтээр өлсгөлөн зарлаж байна.
Н.Өнөрцэцэгийн хорих ангид байгаа нөхцөл байдлын талаар яривал:
Хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх, харгис хэрцгий хандахгүй байх зэрэг заалтуудыг хорих ангийн нөхцөл байдал зөрчиж байна.
- Н.Өнөрцэцэг шөнө унтаж чадахгүй байна. Нүүрэн дээр нь тод цагаан өнгийн гэрэл тусгаад байна гэсэн.
- Хөгжлийн банкны асуудлаар хоригдсон этгээдүүдтэй байнга тааруулж, сэтгэл зүйн дарамт, айдаст автуулж байна.
- Хоол тэжээлийн хувьд стандарт хангаагүй, арилгаагүй гэдэс цувдайгаар хангаж байна. Нийт арав хоног хоригдохдоо бараг хоол идээгүй байна.
- Эмэгтэй хүнийг чийгтэй, хүйтэн өрөөнд байнга байлгаж байна.
Энэ нөхцөл байдлыг өмгөөлөгчийн зүгээс эрүүдэн шүүлтийн харгис, хэрцгий хандаж буй эрүү шүүлтийн нэг хэлбэр мөн гэж үзэж байна.
Үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэг хөнгөн гэмт хэрэг. Нийгмийн аюулын хувьд маш бага. Заавал таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй” гэв.