ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг "Нүүрсний" гэх хэргийн сонсголд оролцуулахыг шаардаж иргэн н.Баатарцогт Сүхбаатарын талбайд суулт зарлажээ.
Тэрээр “Хоёр дахь шатны нүүрсний сонсгол болох гэж байна. Нүүрсний хулгай гэх зүйл нь бүтэн жилийн хугацаанд үргэлжилж, ямар ч үр дүнгүй хамгийн том, гол гэрчийг нь оролцуулдаггүй шударга бус зүйл болж байна.
Ард иргэд бүтэн жил үргэлжилж буй нүүрсний хулгайг ил тод, нээлттэй болгож, шударга шүүхийг хүсэж байна. Яагаад бүх хулгай гэж нэрлээд байгаа зүйлийг хийсэн гол гэрчийг нь оролцуулахгүй нүүрсний сонсгол болж байгаа юм бэ гэхэд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр шүүх рүү Б.Ганхуягийг оролцуулах тухай албан хүсэлт явуулсан. Гэтэл шүүх, прокуророос зөвшөөрөхгүй байна. Би өөрөө Үндсэн хууль зөрчих гээд байна гэсэн. Гэтэл шүүгч “Энэ бол шүүхийн асуудал биш” гэсэн.
Энэ гэрчийг нүүрсний сонсголд оруулах эрх бүхий хууль хүчний байгууллага байхгүй байна. Шүүх, прокурор, нүүрсний түр хорооны дарга нь ч мэдэхгүй байна. Тэгвэл ард түмний санал асуулга явуулъя гэдэг иргэний байр сууриас санал асуулгыг цахимаар болон Сүхбаатарын талбай дээр авч байна.
Би Эрдэнэс тавантолгой ХК-д ажиллаж байгаад хууль бусаар халагдсан. Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 70 гаруй хүнийг хоморголж халсан. Бид үнэхээр шударга ёсыг тогтоож, том хулгай илрүүлэх гэж байна гээд бүтэн жил зүгээр харлаа. Эцэст нь том гэрчийг нь оролцуулахгүйгээр нүүрсний сонсгол болж байна. Энэ ард түмний өмнө зүгээр л жүжиг тоглож байна.
Үнэхээр шударга ёсыг тогтоох гэж байгаа бол Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оролцуулж, үнэнийг илчил. Би ч гэсэн зөв учраас халагдсан юм уу, буруу зүйлд халагдсан уу гэдгээ мэдмээр байна” гэв.