Өнөөдөр Европын Холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно. Энэ уулзалтаас Украины хамгийн ихээр хүлээж буй үр дүн бол Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны дэмжлэг. Тэрбээр Украиныг Европын холбоонд элсүүлэхийг, Украинд дэмжлэг үзүүлэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр удаж буй.
Дээд хэмжээний уулзалтад оролцохоосоо өмнөхөн Унгарын ерөнхий сайд Парламентдаа хандаж “Бид Европын эрүүл, бодитой дуу хоолой байх болно” гэжээ. Авлигал, дайн, хөдөө аж ахуйн байр байдал зэрэг нь Киевийг Европын Холбоонд элсүүлэхгүй байх шалтгаан болж буйг онцолжээ.
Брюссельд болох хоёр өдрийн уулзалтын гол агуулгад Украиныг ЕХ-нд элсүүлэх албан ёсны хэлэлцээг эхлүүлэх, Украины эдийн засгийг 2024 он хүртэл хөгжүүлэхэд Европын Холбооны сангаас 54 тэрбум евро гаргах, мөн нэмэлтээр 24 тэрбум евро өгөх зэрэг багтаж байна.
Украины ерөнхийлөгч В.Зеленскийн хувьд хүнд долоо хоног өнгөрч буйг хэвлэлүүд тодотгож байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчлахдаа бүгд найрамдах намынхнаас таатай мэдээ сонсоогүй. Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгчийн санал болгосон Украинд үзүүлэх 61 тэрбум ам.долларын санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй билээ.