Өрөг.мн сайтын сурвалжлах баг энэ удаа хувь хүний анхдагч соёл гэж хэлж болохуйц асуудлыг хөндөхийг зорилоо. Олон нийтийн хэлж байгаагаар хүмүүс 00-доо цэгцтэй цэвэрхэн бие засаж чаддаггүй. Дараагийн хүндээ тав тухтай бие засах орчинг бий болгодоггүй. Нүд халтирам бохир болгоод орхидог талаар ярьсан юм. Мөн тэд ядаж л хогийн савандаа 00-ын цаас, хэрэглэлээ хийж чаддаггүйг хэлж, суултуур дээрээ суугаад бие засаж сурахыг анхаарууллаа.
ИРГЭД:
- 00-д бие засах асуудал бол хүний ухамсрын л түвшин. Бусад хүний хэрэглэх зүйлийг өөрийнх мэт цэвэрхэн хэрэглэхгүй байгаа харагддаг. Миний араас хүн орно гэдгийг ойлгож цэвэрхэн хэрэглэвэл зүгээр л дээ. Угаасаа бид нийгмийн амьтад. Бусдын төлөө амьдарч сурах хэрэгтэй. Үүнийг багаас нь зааж боловсролын системд оруулах ёстой байх гэж бодож байна. Түүнээс биш нас биед хүрсэн хүмүүсийг цэвэрхэн бай гэж мянга хэлээд нэмэргүй шүү дээ.
- Нийтийн 00 гээд сууж биш, суултуур дээр хөлөөрөө гишгэдэг. Ихэнхдээ бохир байдаг учраас ороод байдаггүй.
- Бие засах соёлын хувьд тааруухан шүү дээ. Гадуур нь бие засах зэрэг асуудал олон байдаг. Балар эртний шинж нь арилахгүй л байна.
- 00-ын асуудал муу л байгаа даа. Маш бохир. Хүртээмжгүй. Яах гэж ч байгуулсан юм. Би ойлгодоггүй. Ихэнх нь л хаалттай байдаг.
- Хувь хүний соёл 00-д бие засахаас эхэлнэ гэж би боддог. Хүн өдөр бүр л бие засаж байгаа. тиймээс энэ асуудлыг анхаарах хэрэгтэй.
- Цэвэрлэгээ нь маш хангалтгүй. Муухай үнэртэй. Цэвэрлэгээ л маш муу гэж хардаг.
ӨӨРСДӨӨ БОХИРДУУЛЖ ХАЯЧХААД ЦЭВЭР ЦЭМЦГЭР БАЙДАЛ ХҮСЭЭД БАЙДАГ НЬ ГАЙХМААР…
Бид асуудалтай холбогдуулан оффисын үйлчлэгчээс зарим зүйлийг тодрууллаа.
Тэрээр, “Одооны хүүхдүүд уг нь их боловсон болсон шүү дээ. Гэхдээ тийм биш л байна. Би 2-16 давхрын 00 цэвэрлэдэг. Өдөрт нэг 00-ыг 3-4 цэвэрлэж байна. Түрээслэгчид 00 бохир байна л гэдэг. Уг нь цэвэрлээд байгаа юм. Үйлчлүүлэгчид орж гарахдаа, гадуур нь бие засах асуудал их байна. 00-ын цаас, хэрэглэлээ хогийн савандаа хийхгүй. Тэгээд л долоо хонохгүй 00 нь бөглөрчихнө. Өөрсдөө бохирдуулж хаячхаад цэвэр цэмцгэр байдал хүсээд байдаг нь гайхмаар. Оффисынхон ихэнх нь л тийм. Бид бохирдуулсан ч үйлчлүүлэгч цэвэрлэх л ёстой гэсэн хандлагатай. Нэг л соёл яриад байдаг 00 дээрээ энэ нь гарч ирэхгүй байна” гэж ярилаа.
Үзэгч та бүхэн өөртөө болон, дараагийн хүндээ тав тухтай орчин бий болгохыг хүсвэл ядаж л 00-ын цаасаар суултуураа арчаад хэрэглэж болно. Ингээд цэвэрхэн бие засаж гараад, угаалтуурт гараа угааж, тав тухтай, соёлтой орчинг бий болгож чадах юм. Бидний ярьдаг ёс зүй, соёл, хувь хүний хөгжил энэ мэт жижиг зүйлээс эхэлнэ. Тиймээс олон нийт 00-доо цэвэрхэн бие засахыг уриалж байна.
Бохир заваан дүрс, зураг харуулж буйдаа хүлцэл өчье. Гэхдээ энэ бол та бидний бодит байдал…