Маргаашаас эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн гэдгийг өнөөдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлсэн. Бид та бүхэн эрчим хүчээ хэмнэх энгийн аргуудыг хүргэж байна.
Хэмнэлттэй чийдэн
Хуучны тунгалаг шилтэй уламжлалт чийдэн хэрэглэхээс татгалзаад эрчим хүч хэмнэгч чийдэн хэрэглэдэг болох хэрэгтэй. Гол нь эрчим хүч хэмнэгч жинхэнэ гэрэл хэрэглэх шаардлагатай шүү. Манайхны ярьж сурснаар "ориг” эрчим хүч хэмнэдэг чийдэн нь ердийн гэрлээс нэлээд үнэтэй байдаг ч шаталгүйгээр 6-8 дахин удаан хугацаагаар асах чадвартай, цахилгааныг гурав дахин бага хэрэглэдэг. Жилдээ ердийнхтэй харьцуулахад 170 кВт цаг хүртэл цахилгаан хэмнэх боломжтой.
Гэрлээ унтраах
Өрөөнөөс гарахдаа гэрлээ унтрааж сурах хэрэгтэй. Статистик мэдээнээс үзвэл өрхийн эрчим хүчний 30 хүртэлх хувийг хүнгүй, хоосон өрөө гэрэлтүүлэхэд зарцуулдаг. Тэгэхээр хүнгүй өрөөний гэрлийг унтрааснаар ямар их хэмжээний мөнгө хэмнэж болох нь ойлгомжтой.
Цэгэн гэрэлтүүлэг
Олон чийдэнтэй нэг том гэрлийн бүрхүүлийн оронд ширээний эсвэл ханын чийдэн ашиглаж байх. Ширээ, ханын гэрэл нь олон чийдэнтэй бүрхүүлээс цахилгаан эрчим хүч хавьгүй бага ашигладаг төдийгүй хэрэглэхэд ч дөхөм. Мөн "коридор”, угаалгын өрөөнд өндөр лааны чийдэн байрлуулах хэрэггүй.
Ердийн гэрэлтүүлэг ашиглах
Энэ зөвлөгөөг ашиглах тэр бүр амаргүй. Анхнаасаа цайвар өнгийн ханын цаас сонгох, цонхны тавцанг овор ихтэй цэцгийн ваар савнаас чөлөөлөх, цонхоо угааж цэвэрлэж байх. Мөн эрт унтсанаар шөнө, үдшээр цахилгааны мөнгө үрэхгүй байх. Эрт унтана гэдэг хэвийн дэглэмээ өөрчлөх хэрэгтэй болох тул амаргүй л дээ.
Зарим онц шаардлагагүй зүйлсээс татгалзах
Бага оврын хийн зуухтай бол цай чанах, хоол халаах мэтэд цахилгаан үрэх шаардлагагүй болно. Мөн онцын шаардлагагүй мөртлөө цахилгааныг бага багаар нь тасралтгүй "идэж” байдаг олон хэрэгсэл айлуудад байдаг. Түүнийгээ цөөлөөд үзээрэй.
Техникийн хэрэглээг цөөлөх
Угаалгын машинаар долоо хоногт хоёр эсвэл гурван удаа бус харин ганц удаа хувцас угаах. Хүчин чадлыг бүрэн ашигла. Тоос сорогчийн цуглуулагч уутыг тогтмол суллаж байх. Учир нь, дүүрэн ууттай үед тоос сорогч цахилгаан эрчим хүчийг илүү "иддэг”. Индүү дулаанаа сайн хадгалдаг болохоор зарим үед индүүдэж дуусахын өмнө салгачихаж болно.
Эрчим хүчний хэмнэлтийн зэрэглэл
Орчин үеийн техникийн дэвшил дээр эрчим хүч хэмнэлтийн зэрэглэлийг заавал тэмдэглэсэн байх ёстой болсон. Тиймээс цахилгаанаар ажилладаг эд зүйл авахын өмнө энэхүү зэрэглэлийг нь сонирхож үзэхэд илүүдэхгүй. Зэрэглэл нь A,B,C,D,E,F,G гэсэн байдалтай байна. Цахилгаан хамгийн их хэрэглэдэг нь "G” зэрэглэлтэй, "А” эсвэл "А++” зэрэглэл нь хамгийн хэмнэлттэй. Өөрөөр хайгаад олохгүй бол худалдагчаас нь асууж лавлахаас зовох зүйлгүй.
Хэмнэлтийн горимоос татгалзах
Зурагтыг хүмүүс гол төлөв удирдлагаар унтраан хүлээлтийн горимд үлдээдэг. Ингэхэд асаалттай байснаас бага ч гэлээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн хэвээр байдаг. Компьютерийн дэлгэц ч мөн адил хүлээлтийн, эрчим хүч хэмнэх горимтой. Энэ горимд байхдаа ч цахилгаан хүч бага ч гэлээ хэрэглэсээр байдаг. Тиймээс гэрээс удаан хугацаагаар гарах гэж байгаа бол зурагтаа ерөнхий унтраалгаар нь унтрааж байх. Компьютерээс удаан хугацаагаар холдох бол дэлгэцээ унтраалгаар нь унтрааж байх хэрэгтэй. Мөн гар утсаа цэнэглэж дууссаны дараа цэнэглэгчээ залгуураас заавал салгаж байх хэрэгтэй. Учир нь, салгасан ч гэлээ цэнэглэгч нь хоосон ажиллаж байдаг. Цахилгаан юу л идэж шалив гэж бодож болох ч өдөржин шөнөжин залгаатай байгаа цэнэглэгч бага багаар идэж байдаг. Өнөөдөр интернэт модем, IP телевиз гэх мэт зүйлс, айл болгонд шахуу байгаа. Иймд гэрээс гарах, удаан хугацаанд эзэнгүй үлдээх бол тэр болгоны цахилгаан модем, дамжуулагч төхөөрөмжүүдийг гүйцэд унтрааж байх хэрэгтэй.
Олон тарифт тоолуур
Шөнийн цагаар цахилгааны үнэ хамгийн хямд. Үүнийг мэдэрдэг шөнө, өдрийн гэсэн хоёр тарифтай тоолуур байдаг. Ийм тоолуурыг шөнийн цагаар их ажилладаг эсвэл угаалгын машин гэх мэт цахилгаан их ашигладаг техникт суулгаж болох юм.
АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЦГЭЭЕ
1. Компьютер – Дараах тохиргоог хийснээр шаардлагагүй үед дэлгэцийг бүрэн унтрааж компьютерийн эрчим хүч зарцуулалтыг 40 хувь бууруулах боломжтой.
Settings – Control panel – Power options – Turn off monitor – after 3 min болгон тохируулах
2. Гэрэл – Албан тасалгаанаас гарахдаа гэрлийг заавал унтраах.
3. Мэдээлэл холбооны хэрэгслүүд – цаас урагч машин, гар станц цэнэглэгч, сканнер, принтер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул цахилгаан эрчим хүчийг ихээр зарцуулдаг бөгөөд эдгээр хэрэгслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний бараг тал хувийг ашиглалтын бус үед буюу зогсонги үед (stand-by) зарцуулдаг. Иймд цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж дууссан даруйд бүрэн унтрааснаар цахилгаан эрчим хүч хэмнэгдэх нэг нөхцөл болно.
4. Хөргөгч – Халуун хүнсний зүйлийг тасалгааны температур хүртэл хөргөж байж, хөргөгчид хийвэл зохино. Хөргөгчийн дотор талыг цэвэр байлгах, мөн хаалга сайн хаагдаж байгаа эсэхийг шалгахад илүүдэхгүй.
5. Шарах шүүгээ – Хүнсний зүйлийг хөргөгчнөөс гаргаж, тасалгааны температурт хагас цаг орчим байлгасны дараа шарах шүүгээндээ хийх хэрэгтэй.
6. Хэрэв та оффисоос гарч байгаа хамгийн сүүлийн хүн бол дараах зүйлсийг унтрааж тэжээлээс бүрэн салга. Ингэснээр та цахилгаан эрчим хүчийг 5 хүртэл хувиар
хэмнэх боломжтой. Үүнд:
-Canon хэвлэгч
машин
-Цаас урагч машин
-Шарах шүүгээ
-Ус буцалгагч
-Уртасгагч
– Гар станц цэнэглэгч зэрэг болно.
Та дээрх аргуудыг хэвшил болгож чадвал эрчим хүчээ хэмнээд зогсохгүй байгаль орчноо хамгаалах үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулах юм.