Цахилгааны хязгаарлалт хийх болсон талаар өнөөдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ.
Тэрээр “Өчигдөр 16:00 цагт Оросын талаас эрчим хүч нийлүүлэгч байгууллагаас Диспетчерийн Үндэсний Төвд мэдээлэл ирсэн. Үүнд энэ сарын 13-ний өдрөөс эхлэн ОХУ-аас нийлүүлж буй цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг өмнө нь 345МВт хүртэл авдаг байсныг одоо 150 МВт-аас илүүг нийлүүлж чадахгүй болсон талаар бичгээр болон амаар мэдээлсэн.
Оросын талаас нэр бүхий хоёр цахилгаан станцад нь гэмтэл гарсан. Эхний цахилгаан станц дээр 235МВт-ийн нэг блок эвдэрч зогссон. Хэзээ ашиглалтад орохыг нь мэдэгдээгүй байна. Мөн нэр бүхий станц дээр 500 МВт-ийн цахилгаан станцын шинэчлэл хийгдэж байсан нь ашиглалтад ороогүй байна гэжээ.
Иймд маргааш өдрөөс эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.
Цахилгаан эрчим хүч экспортлох, импортлох гэрээнд Оросын холбооны улс өөрөө чадлын дутагдалд орсон тохиолдолд нэг өдрийн өмнө манай улсад урьдчилан мэдэгдэж, эрчим хүчээ нийлүүлэх цагийн хязгаараа урьдчилсан байдлаар тохирдог. Энэ гэрээний заалтын дагуу өчигдөр энэ сарын 13-ний өдрөөс эхлэн хязгаарлах тухай мэдээлсэн. Хэдий хүртэл үргэлжлэх талаар хугацааг ОХУ-аас хэлээгүй байна.