АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены урилгаар Украины ерөнхийлөгч В.Зеленский тус улсад айлчилж байна. Украины төрийн тэргүүн АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остины хамтаар АНУ-ын нийслэл дэх батлан хамгаалахын их сургуульд илтгэл тавьжээ. Энэ илтгэлийн зорилго нь АНУ-аас Украинд үзүүлэх тусламжийг зогсоохгүй тухай байв.
Володимир Зеленский илтгэлийнхээ үеэр Украинд тусламж үзүүлэхгүй бол дэлхий дахинд дарангуйллын дэглэм аажим аажмаар бүрэлдэж буйг анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, энэ дайнд Украин ялалт байгуулах нь чухал гэсэн утга санааг илэрхийлсэн байна.
Израил, Хамас бүлэглэлийн дайн эхэлсэнтэй холбоотойгоор Украинд үзүүлэх барууны орнуудын тусламж үргэлжлэх эсэхэд эргэлзээ төрүүлж эхэлсэн. Нэн ялангуяа, АНУ-д энэ асуудал хамгийн ихээр маргаан дагуулж буй. Тодруулбал, Байдены засаг захиргаанаас Украинд 61,4 тэрбум ам.долларын төсвийг батлуулахаар Конгресст хэлэлцүүлж байгаа боловч төлөөлөгчдийн танхим Украинд үзүүлж буй дэмжлэгийг эсэргүүцсээр байгаа юм. Тиймээс энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд В.Зеленский тус улсын конгресст мөн үг хэлэхээр болсон байна.