Эрүүл мэндийн байгууллагуудаас өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зөвлөгөө мэдээллийг өглөө.
Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл ямар байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн захирал Ж.Байгалмаа “Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд идэвхжилийн түвшинд байна. Идэвхжилийн таван түвшнээс хоёр дахь буюу шар түвшинд байна. Манай улсад томуугийн идэвхжил аравдугаар сарын эхэн үед эхэлсэн.
48 дугаар долоо хоногийн байдлаар нийт амбулаториор үйлчлүүлэгчдийн 5,6 хувь нь томуу, томуу төст өвчтэй. Эмнэлэгт хэвтэж байгаа 8,610 үйлчлүүлэгчдийн 22 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж байна.
Улсын хэмжээнд идэвхжилийн шар түвшинд байгаа ч Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймгуудад дараагийн буюу гурав дахь шатандаа шилжсэн байдалтай байгаа юм.
Вирус судлалын тандалтаар амьсгалын замын синтициальвирус, аденовирус, метапневмовирус хамгийн түгээмэл буюу өндөр хувийн тархалттай байна.
Мөн Коронавирус болон томуугийн А хүрээний H3N2 вирусийн тархалтууд хүн амын дунд өвчлөл үүсгэсэн хэвээр байна.
Дэлхийн хойд хагаст байдаг бүс нутагт томуугийн улирал эхэлсэн. Тухайлбал, Хятад, Солонгост дээрх вирусүүд мөн адил өргөн тархалттай байгаа юм байна.
Томуугийн улирал Арванхоёрдугаар сарын сүүл, Нэгдүгээр сарын дунд орчим хүртэл нэлээд өндөр хувьтай үргэлжлэх учир олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаагаарай” гэж зөвлөлөө.