Эрүүл амьдралын жигүүр ТББ нь боловсрол, эрүүл мэнд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Worldshare олон улсын төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Эрүүл амьдралын жигүүр төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Л.Нандинзул "Өнөөдөр манай байгууллага нь Worldshare олон улсын төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай жигүүр төсөл нь нийгмийн эрүүл мэнд, санхүү, сэтгэл зүйн боловсрол олгодог бөгөөд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаар болсонд маш их баяртай байна.
Нэг жилийн хугацаанд дөрвөн сургууль дээр уг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ч цаашид улс орон даяар хэрэгжүүлэх алсын зорилготой байгаа учраас олон улсын төрийн бус байгууллагатай хамтарч ажиллана гэдэг бол манай төслийн хувьд маш том давуу тал гэж харж байна.
Манай жигүүр төслийн хувьд олон улсын болон дотоодын цаашлаад хувийн хэвшлийн ямар ч байгууллага манай төслийг дэмжин ажиллах боломжтой. Бидний хувьд хэр олон байгууллага дэмжиж ажиллана төдий чинээгээрээ олон хүүхдийг хамруулах боломжтой. Бидэнтэй хамтарч ажиллаж байгаа бизнесийн болон олон улсын байгууллагууддаа бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна" гэв.
Worldshare олон улсын төрийн бус байгууллагын Ажлын албаны дарга Э.Дарьсүрэн "Worldshare олон улсын төрийн бус байгууллага маань 2016 оноос Монголд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Боловсрол, эрүүл мэнд хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг олон улсын төрийн бус байгууллага байгаа. Ирэх 2024 онд манай байгууллага Эрүүл амьдралын жигүүр төрийн бус байгууллагатай хамтарч ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа" гэлээ.