АИ92 бензиний хомсдол үүсээд гурван долоо хоногийн нүүрийг үзлээ гэж олон нийт бухимдаж байна. Энэ асуудалд УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар долоо хоног бүр тайлбар өгч, нийлүүлэлт болоод нөөц хэвийн байгаа тухай хэлж байсан юм. Тэрээр мэдэгдэл бүрдээ гурав хоногийн дотор бүх асуудал хэвийн болох талаар дурдаж байсан ч, гурав хоног нь үргэлжилсээр иргэд шатахуун түгээх колонкуудад бензин авах гэж 2-3 цагийн дараалал үүсгэх нөхцөлд хүрээд байна.
Хоёр долоо хоногийн өмнө УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, “БНХАУ руу дизель түлш авах томоохон хэмжээний захиалга хийгээд импортлогч ААН-үүд мөнгө төлсөн. 3-4 хоногийн хугацаанд энэхүү дизель орж ирэх байх. БНХАУ-аас импортолж буй шатахууны хэмжээг нэмж байгаа юм. Энэ хүртэл хугацаанд ОХУ-аас орж ирсэн дизель түлшээрээ хүргэнэ. Үүнээс өөр арга зам байхгүй. Хятадаас шатахууныг хангалттай хэмжээгээр импортолж байгаа болохоор нийлүүлэлт хэвийн болох хүлээлттэй байна” гэсэн юм. 3-4 хоногийн хугацаанд дизель түлшний асуудал шийдэгдэх мэтээр ярьж байсан Ж.Ганбаатар сайд өчигдөр буюу 14 хоногийн дараа дахин мэдээлэл өгөхдөө,
- ОХУ дотооддоо өвлийн дизель түлш, бензиний хомстолтой хэвээр байна
- Зүүн Сибирийн хэсэг болон алс дорнодын хэсэгт төмөр замын бөөгнөрөл их байна. Энэ нь манай нийлүүлэлтэд, орж ирэх хугацаанд нөлөөлж байна гэх асуудлыг дахин ярив.
Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын зүгээс ямар нэгэн хориг, хязгаарлалт тавиагүй. “Роснефть” компани бүрэн хэмжээгээр ханган нийлүүлэхэд бэлэн байгаа гэж онцолж байсан ч, Ж.Ганбаатар сайд 14 хоногийн өмнө, 21 хоногийн хугацаанд хориг тавьснаас үүдэж нэг ч тонн шатахуун орж ирээгүйг хэлсэн.Улмаар эрх баригчдын салаалсан олон үзүүртэй мэдээлэл иргэдийг төөрүүлсэн хэвээр байгаа юм. Үүнтэй холбоотой Ж.Ганбаатар сайдыг ажлаа мэдэж, хийж байгаа эсэхэд олон нийт эргэлзэж эхлээд буй.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, “11 дүгээр сарын 29-нд 117 вагон түлш, шатахуун хилээр орж ирнэ. Маргааш 54 вагон хилээр нэвтрүүлнэ гэх зэргээр нарийн графикийг танилцуулсан. Мөн өдрөөс арван хоёрдугаар сарын 02-ны хооронд буюу ойрын дөрөв хоногийн хугацаанд нийт 350 вагон түлш, шатахууныг оруулж ирснээр хомсдол, хязгаарлалтын асуудал жигдэрнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн ч бодит байдал өөрөөр эргээд байна. Харин хоёр өдрийн өмнө Замын-Үүдийн боомтоор шатахуун орж ирлээ. Хомстолгүй болно гэх мэдээлэл дахин гарсан. Энэ талаар Замын-Үүд сумын Засаг даргын орлогч Д.Отгонбаяр дараах мэдээллийг өгөв.
Тэрээр, “Энэ сарын 8-нд 44 вагон түлш орж ирсэн. Харин энэ сарын 9-нд 45 вагон түлш орж ирснийг шилжүүлэн ачиж байгаа. Нэг вагонд дунджаар 60 тонн түлш багтдаг. Энэ долоо хоногт шатахуун орж ирсэн учир иргэдийн ажил, амьдрал хэвийн үргэлжлэх байх” гэсэн юм.
Тэгвэл шатахуун авахаар 2-3 цаг дугаарлан зогсож буй иргэд бензиний асуудлаас үүдэн тулгамдаж буй асуудлаа ярилаа.
Иргэд:
- Миний хувьд өглөөнөөс хойш АИ92 шатахуун хайж үлдсэн жаахан бензинээ дуустал явлаа. Явсны эцэст ганц л газар олж байгаа юм. Энд нэг цаг дугаарлан зогсож байна. Цахим орчинд бензиний хомсдол үүсээгүй гэсэн мэдээллийг л эрх баригчид өгөөд байх юм. Тогтвортой байгаа нөхцөл байдал харагдахгүй байна. Бүгд бухимдаж байна.
- Би ажлаасаа хоцорчихлоо. Бензин авах гэж яваад тэр шүү дээ. Үнэхээр төвөгтэй нөхцөл байдал үүсээд байна. Хүүхдүүдээ сургуульд нь өгч чадсангүй. Өнөөдөр бензин олдохгүй бол маргааш ч хүүхдүүдээ хүргэж өгч чадахгүй. Яагаад тасарсан, хэзээ хэвийн болох нь тодорхойгүй байгаа. Надад бол мэдсэн зүйл алга. Мэдээ харахаар хэзээ мөдгүй тогтворжих гэж байгаа мэт боловч, бодит байдал дээр өөр л байна даа.
- Ямар асуудал гарсныг нь мэдэхгүй юм. Төмөр замын асуудал байгаа юм уу, ОХУ-ын талаас хориг тавиад байгаа юм уу. Бензинээ урдаас авах гээд байгаа юм уу, хойноос авах гээд байгаа юм уу. Ёстой мэдэх юм алга.