УИХ дахь МАН бүлэг цаг үеийн асуудлаар мэдээллээ.
МАН бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлгийн хурлаар ирэх оны сонгуулийн тойрог, мандаттай холбоотой асуудлаар санал солилцож, шийдэл гаргалаа.
Сонгуулийн тойргийн асуудлыг Сонгуулийн тухай хуулиар хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө сонгуулийн тойрог, мандатын тоо, сонгуулийн тов, сонгуульд автоматжуулсан систем ашиглахтай холбоотой асуудлаар УИХ тогтоол гаргадаг. Энэ асуудлыг одоо ярих нь зүйтэй. Одоо мөрдөж буй сонгуулийн тухай хуулиар улсын хэмжээнд 76 мандаттай, 29 тойрог байна. Ирэх сонгуульд ямар тойргоор орох нь чухал учир МАН-ын бүлэг хэлэлцлээ.
Нэгдүгээрт, улс орноо бодсон, хөгжилд нэмэр болох, 2019, 2023 оны Үндсэн хуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулж чадах сонгуулийн тогтолцоо хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангах, Монгол Улсын хөгжлийг цаашдаа нэг төвтэй бус олон төвтэй хөгжил рүү явуулах тогтолцоо хэрэгтэй байна.
Гуравдугаарт, сонгуульд нөлөөлдөг нөлөөллүүдийг байхгүй болгох хэрэгтэй. Тухайлбал, мөнгө, нутаг усны хүчин зүйл гэх мэт.
Ийм том тойрог хэрэгтэй байна гэдэг үүднээс сонгуулийн бүсчилсэн тойрог болгох асуудлыг судалж, бусад улс төрийн намуудтай зөвшилцөж, саналыг нь авсны үндсэн дээр шийдэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.