Шатахууны хомстол үүсэж, ШТС-ууд дээр дараалал үүсээд байгаа асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээллээ.
Тэрээр “Сүүлийн нэг сар үүссэн дизель болон АИ-92 бензин нийлүүлэлтээс шалтгаалан үүсэж, ард иргэдэд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье.
Тасалдаж буй гурван шалтгаан бий. Үүнд:
Нэгдүгээрт, ОХУ манай гол ханган нийлүүлэгч. ОХУ дотооддоо өвлийн дизель түлш, бензиний хомстолтой хэвээр байна. ОХУ түүхий нефтийн хувьд дэлхийн топ экспортлогч улс. Энэ нөхцөл байдал манай улсад шууд болон шууд бус замаар нөлөөлж байна.
Хоёрдугаарт, ОХУ-ын экспорт ихэвчлэн баруун зүг рүү байсан бол одоо БНХАУ, Энэтхэг зэрэг зүүн өмнөд Азийн улс руу төвлөрсөн. Зүүн Сибирийн хэсэг болон алс дорнодын хэсэгт төмөр замын бөөгнөрөл их байна. Энэ нь манай нийлүүлэлтэд, орж ирэх хугацаанд нөлөөлж байна.
Гуравдугаарт, манай дотоодын асуудал бий. Нэг талдаа сайн тоон мэдээтэй. Манай экспорт түүхэнд байхгүй хэмжээнд хүрсэн. Энэ нь дизелийн хангамжид шууд нөлөөлж байна. Дунджаар 30 сая тонн нүүрс гаргадаг байсан бол өнөөдөр 65 сая тонн нүүрс экспортолсон байна. Оны эцэст 70 сая хүрэх магадлалтай байна. Томоохон 5-6 уурхайн дизель түлшний хэрэглээ манай нийт дизель түлшний хэрэглээний 60 хувийг хэрэглэж байна. Манай улс нэг сард 90-100 мянган тонн дизель түлш хэрэглэдэг. Үүнээс уул уурхайн салбар 60 мянга орчим тонн дизель хэрэглэж байгаа нь эдийн засгийн өсөлтийг харуулж байна.
Цаашдаа АИ92 болон дизелийн үнэ өсөхгүй. Харин ч үнэ бууж байна.
Болж өгвөл оочир, дараалал үүсгэхгүй байхыг ард иргэдээсээ хүсэж байна. Бүх хүн банкаа дүүргэнэ гэвэл тийм нөөц байхгүй. Ойрын хоёр, гурав хоногт нөөц хангана” гэв.