"Бизнес өрөг" нэвтрүүлэг АНУ-ын Чикаго хотоос ээлжит дугаараа хүргэж байна. Энэ удаагийн дугаарт World Financial Group /WFG/-ийн Маркетингийн ахлах захирал Ү.Ууганбаяр оролцлоо. Нэвтрүүлгийн багахан хэсгийг уншигч таньд бичвэр болгон хүргэе.
Таны хийдэг ажил их сонирхолтой санагдлаа. World Financial Group буюу Америк улсын санхүүгийн бүтээгдэхүүнийг зуучилдаг кампанийн ахлах захирал хийдэг юм байна. Компани ямар чиглэлээр ажилладаг вэ, та Ахлах захирал болох хүртэл ямар шат дамжлага дамжив. Таныг хувьдаа компанитай гэж бас дуулсан. Энэ талаараа ярихгүй юу?
Анх Америкт 2014 онд ирсэн. Ирээд бусад хүмүүсийн адилаар бүх ажлыг л хийж үзсэн. Хумсны салонд хүртэл ажиллаж явлаа. …
Янз бүрийн ажил хийж байхдаа мэргэжлийн жолооч хүртэл болсон. Тэгээд Limuzin үйлчилгээний компани байгуулсан. Компаниа байгуулаад ажиллаж байхад санхүүгийн талаарх ойлголт, мэдээлэлтэй байх хэрэгцээ гарсан. Тухайлбал, яаж хадгаламжтай болох вэ, хүүхдийнхээ коллежийн санг хэрхэн өсгөх вэ, би гэдэг хүн ирээдүйд тэтгэвэртээ гарна тэр үед тэтгэврийн сантай болох хэрэгтэй байна зэрэг санхүүгийн талаар ойлголт, мэдээлэлтэй болох хэрэгтэй байсан. Тэгээд энэ салбарын хүмүүстэй танилцаж заавар зөвлөгөө аваад сүүлдээ энэ салбар сонирхолтой санагдаад ажилд орсон. Анх уг ажилд ормоор байгаа талаар хэлэхэд лицензтэй байх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд лицензийнхээ шалгалтад сайтар бэлдэж өгөөд тэнцсэн.
Компанийн санхүүгийн бүтээгдэхүүнийг хүмүүст зуучилж, өөрөөр бол бараа бүтээгдэхүүнийг санал болгоод борлуулалт хийдэг гэж ойлголоо. Энэ салбарт монголчууд ажиллах уу. Монгол хүний давуу байдал, сул чанарыг юу гэж харж байна вэ?
Монголчууд хурдан сэтгэдэг учир ажлын бүтээмж өндөр. Энэ салбарт монголчууд хурдан ахиц дэвшил гаргадаг. Сүүлийн үед Оросууд их бүтээгдэхүүн худалдан авч байгаа болохоор Орос хэлтэй бол давуу тал болж байна. Өнөөдрийн байдлаар 30 гаруй монголчууд хамт ажиллаж байгаа бөгөөд эдгээрийн 10 орчим нь лицензтэй бол 20 орчим хүн нь лиценз авахаар суралцаж байна.
Монголчуудын дунд гадагшаа гарвал сайхан амьдарчих юм шиг ойлголт бий. Үүнийг буруутгах ч арга байхгүй. Зарим нэг талаараа монголд амьдрах хэцүү байна. Утаатай, түгжрэлтэй, шатахуун тасалдах, боловсролын чанар муу гээд л… Гэхдээ гадаадад амьдрахаар Монголд байдгаасаа илүү их ажиллах хэрэгтэй болдог. Тэгж байж гайгүй амьдардаг байх. Энэ талаар та юу гэж бодож байна ?
Хаана ч амьдарсан яалгаагүй. Өөрийгөө дайчилж, шаргуу ажиллаж, асуудал бүрийг даван туулж чадвал сайхан амьдарна. Нэгэн хэвийн буюу өглөө есөн цагт ажилдаа очоод, орой зургаа гэж тараад, гэртээ ирж гэрээ цэвэрлээд, хоолоо хийж идээд энэ хэв маягаараа амьдрах юм бол дундаж л амьдралтай явна. Монголд ч ялгаагүй, гадаадад ч ялгаагүй. Харин өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж чадвал ажил дээр ч, амьдрал дээр ч ахиц гарна. Боломж бол их бий.
Гадаад сурчхаад монголдоо эргэж очсон гэсэн. Монголдоо яагаад "идээшээгүй" вэ?
Англи улсад таван жил сурсан. Монголдоо эргэж очоод өмнө нь ажиллаж байсан компанидаа ажилласан. Тэгэхэд нэг л сонин, цаг хугацаагаа дэмий үрээд байгаа юм шиг санагдсан. Тэгээд нөхөртэйгөө ярилцаад явахаар шийдсэн. Монголдоо тохь тухтай амьдралаа бодсон бол үлдэх л байсан.
Англид 4000 гаруй, Америкт 30 мянга гаруй монголчууд амьдардаг. Америкт амьдарч буй монголчууд голдуу бизнес эрхэлж байна. Тэгэхээр энд бизнесийн нөхцөл байдал таатай байх шиг харагдаж байна. Бизнес хийхэд ямар ямар нөхцөлүүд давуу тал болж байна вэ ?
Мэдээж энд маш том зах зээл бий. Үүгээрээ бизнес эрхлэхэд нэг талаараа таатай. Тухайлбал, компани байгуулъя гэвэл маш амархан байгуулчихна. Тэгээд аливаа юмыг цаг хугацаанд нь хийж, тайлангаа цагтаа тавиад байвал ямар ч асуудал гарахгүй.
Ярилцлагын дэлгэрэнгүйг видеоноос үзнэ үү.