1990-ээд оны эхээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын дээлийн энгэрийг мялаасан газрын тосны үр шимийг монголчууд бид хэзээ хүртэх вэ.
Энэхүү нийтлэлийг 10 орчим хоногийн өмнө Монгол Улсад шатахуун тасалдаж байх үеэр хөрвүүлсэн юм. Тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-руу утас “цохиж” ойрын өдрүүдэд шатахуун их хэмжээгээр импортлох болсон тухай сайхан мэдээ бидэнд дуулгасан. Гэвч өнөөдөр дахиад л шатахуун тасалдаж автомашинтай иргэд Шатахуун түгээх станцын гадаа дараалалд зогсож байна. Иймээс энэхүү нөхцөл байдал буюу шатахууны хараат бус байдлаас хэрхэн гарах тухай шийдэл агуулсан бичвэрээ дахин сэргээж нийтлэв.
Өнгөрсөн долоо хоногт иргэд дээр дооргүй шуугиж, эрх баригчид дор бүрнээ сандралдав. Ингэж хэлсний учир нь хүйтний эрч чангарч буй эл өдрүүдэд хөдөө, хотгүй шатахуун тасалдсанаас болж иргэд дургүйцлээ илэрхийлсэнтэй холбоотой юм. Сурсан зангаар УИХ-ын хуралдаан дээр Г.Занданшатар ОХУ-руу утас “цохиж” ойрын өдрүүдэд шатахуун их хэмжээгээр импортлох болсон тухай сайхан мэдээ бидэнд дуулгав. Ийнхүү “гал түр намдаж” монголчууд бид ойрын хэд хоногтоо шатахууны талаар санаа зовнилтгүй боллоо. Тэгвэл сарын дараа, магадгүй жилийн дараа яах вэ …
ТЭД АМЛАСАН ГЭВЧ …
Бид ОХУ-аас шатахуунаа импортлоод багагүй хугацааг өнгөрөөлөө. Энэ хооронд шатахуун тасалдсан, ОХУ-аас түлш хэвийн импортлох тухай хэдэн удаа “гуйсан”-ыг тоолоод баршгүй. Аман дээрээ ОХУ-ын эрх баригчид Монголд тасралтгүй, хямд үнээр шатахуун нийлүүлнэ гэж амалдаг ч хачир дээрээ Монголд шатахуун хэрхэн тасалдаж байгааг уншигч та эрх биш мэднэ биз.
ОХУ-ын талаас сүүлд шатахууны талаар өгсөн хоёрхон амлалтыг эргэн харвал,
- Жилийн өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын Монголд хийсэн айлчлалын хүрээнд уг асуудлыг хөндөж, улмаар “Роснефть” компанитай 2027 оныг хүртэл АИ-92-ыг тогтвортой нийлүүлэх, дизель түлшийг 10 хувийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах гэрээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь үзэглээд ирсэн.
- Мөн ердөө сарын өмнө ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа тус улсын Төрийн тэргүүн В.Путин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Бээжинд уулзах үеэрээ хэлсэн.
Ийнхүү ярьдаг, амладаг боловч төд удалгүй улс даяараа шатахууны эрэл хайгуул болж зогсоошгүй гэж хэлэгддэг уул уурхайн салбарыг хүртэл гацаанд оруулахаа шахдаг. Тэгвэл энэ байдлаасаа бид хэрхэн гарах вэ. Хариулт нь маш энгийн. Дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барихад л болно. Тэгвэл манай улсыг ОХУ-аас шатахууны хараат байлгах Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгажилт ямар шатандаа явж байгаа нь сонирхол татна.
ЭНГЭРИЙГ МИНЬ ХЭЗЭЭ МЯЛААХ ВЭ
Нэг үеэ бодвол бид дотооддоо шатахуун үйлдвэрлэхээр газрын тос боловсруулах үйлдвэрийн шавийг нь тавьчихсан бүтээн байгуулалт хийж байна. Тэгвэл газрын тос боловсруулах үйлдвэр нь дөрвөн багц ажилд хуваагдан хэрэгжиж байгаа бөгөөд Монгол, Энэтхэг, Итали, Франц, ХБНГУ, АНУ, Канад, Нидерланд, Испани, БНХАУ зэрэг орны мянга гаруй инженер, мэргэжилтнүүд уг төсөлд оролцон ажиллаж байгаа юм. Тэгвэл ОХУ-аас шатахууны хараат байлгах газрын тос боловсруулах үйлдвэр нь ямар шатандаа явж байгаа нь сонирхол татна.
НЭГДҮГЭЭР БАГЦ АЖЛЫГ УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨӨР БЭЛДЭЖ БАЙНА
Үйлдвэрийн Технологийн бус барилга байгууламж болох нэгдүгээр багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэгийн “Kalpataru Projects International Limited” компани ажиллаж байгаа бөгөөд нийт 11 иргэний барилга байгууламжууд, үйлдвэрийн автозам, ус дамжуулах системийн барилга угсралтын ажлын явц 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Ерөнхий гүйцэтгэгч компани гэрээнд заасан хугацаанд ажлаа бүрэн дуусгаж, барилга байгууламжуудыг Улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэл ажлыг хангажээ.
АЖИЛ НЬ ИД ӨРНӨЖ БУЙ ХОЁР, ГУРАВДУГААР БАГЦ
Анхдагч процессын болон дагалдах байгууламж болох хоёрдугаар багц, Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц буюу гуравдугаар багцын ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэгийн “Megha Engineering and Infrastructure Limited” компани ажиллаж байгаа бөгөөд инженер-геотехник, суурь судалгааны ажлаа дуусган 2023 оны дөрөвдүгээр сард барилга угсралтын ажлаа эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар барилга угсралт, тоног төхөөрөмжүүдийн техникийн бичиг баримт, зураг төслийг боловсруулах, хянах ажлаас гадна нийт 42 резервуар, агуулах сав паркуудын суурь, үйлдвэрийн дулааны цахилгаан станцын дэд станц болон удирдлага хяналтын байр, шугам хоолойн эстакадын барилга угсралтын ажил хийгдэж байгаа юм.
ХОЁРХОН САРЫН ӨМНӨ ЕРӨНХИЙ ГҮЙЦЭТГЭГЧЭЭ ОЛСОН ДӨРӨВДҮГЭЭР БАГЦ
Үйлдвэрийн хамгийн сүүлийн мөн чухал багц болох дөрөвдүгээр багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэгийн “Megha Engineering and Infrastructure Limited” компани ажиллаж байгаа юм. Уг компанитай хоёр сарын өмнө гэрээ байгуулсан. Ингэснээр төслийн бүтээн байгуулалтын бүх багц ажил ерөнхий гүйцэтгэгчтэй болсон гэсэн үг юм.
Мөн уг багц ажилд хамаарах гүн боловсруулалтын Патенттай технологийн байгууламжуудын лиценз эзэмшигчээр шалгарсан дараах компаниудтай 2022 оны нэгээс дөрөвдүгээр сард гэрээ байгуулсан ажээ.
- Устөрөгчийн үйлдвэр (Hydrogen generation unit) – Италийн Kinetics Technology
- Хүхэр ялгах байгууламж (Sulphur recovery unit) – Францын Axens
- Бензин боловсруулах байгууламж (Motor spirit block) – АНУ-ын UOP Honeywell
- Гидрокрекинг (Hydrocracking) – АНУ-ын UOP Honeywell
- Дизелийн гидроцэвэрлэгээ (Diesel hydrotreatment), АНУ-ын UOP Honeywell
- Шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжууд (LPG treating unit)-АНУ-ын UOP Honeywell
- Висбрекинг (Visbreaking)- Нидерландын Shell