Монгол Улсын заан Б.Серикийг 1 жилээр барилдах эрхийг нь хассан байна. Уг шийдвэрийг “Ургацын баяр-2023” барилдааны үеэр гаргасан үйлдэлд нь МҮБХ-ноос хариуцлага тооцож гаргажээ.
Сануулахад "Ургацын баяр-2023"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 2023 оны 12-р сарын 07-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болсон. Барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байсан.
Тэгвэл Б.Серик заан өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлал хүссэн. Тэрээр "Хоёрын давааны барилдаанд үнэхээр муухай үйлдэл гаргасан байна. Нийт бөхөө дэмждэг ард түмнээсээ уучлал гуйж байна. Зүй бус үйлдэлдээ хариуцлага хүлээх болно. А.Тодмагнай дүүгээсээ уучлалт гуйж байна. Дүүд томоос том амжилт хүсье" гэсэн байв.