Монголын кино урлагийн салбарт гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг хандуулах, хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилготой “Хархорум” кино наадам нээлтээ хийлээ.
Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо ТББ хамтран тус наадмыг энэ сарын 07-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү кино наадмыг дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан. Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх 75” сэдвийн дор зохиогдож байгаагаараа онцлог юм.
Энэхүү наадмын үеэр 15 улсын 22 киног үзэгчдийн хүртээл болгоно.
“Хархорум” олон улсын кино наадам нь жил бүр онцлог нэгэн сэдэвт анхаарал хандуулах ба тухайн сэдвээр сүүлийн хоёр жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулж шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал гэсэн нэр хүндтэй гурван шагналын төлөө өрсөлдүүлэх ажээ.
Тус кино наадмын хөтөлбөр боловсруулагчаар Н.Цогтбаяр, Б.Онон, ОХУ-ын Мариа Разакамболи, БНСУ-ын Ким Ян Ву нар ажилласан бол шүүгчээр Английн найруулагч, зохиолч, Оскарын шагналт найруулагч Малколм Кларк, БНСУ-ын жүжигчин Ким Хе На, кино зохиолч, найруулагч Н.Уранчимэг, жүжигчин С.Ариунбямба, эрхзүйч Ч.Алтангэрэл нар ажиллаж байгаа юм байна.