Бизнесийн салбарт алдаж, онож, амьдралаа золиослон байж тэмцсээр яваа ганц бие ээж, модел У.Лауратай бид ярилцлаа. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө бүхнийг чадна гэж эндүүрч явсан үеэ бодож, эргэцүүлж, хүлээн зөвшөөрч чадсан тэр байж болох хамгийн доод цэг рүүгээ унасан тухайгаа хэлж, хэрхэн эргээд боссон талаараа бидэнтэй хуваалцсан юм.
-Ярилцлагын санал хүлээн авсанд баярлалаа. Та бизнесийн салбарт олон жил зүтгэж яваа. Их зүйлийг туулж, мэдэрч байна уу?
-Сайн байцгаана уу? Би Урангоогийн Лаура байна. Ганц бие ээжийн амьлралаар амьдраад таван жил болж байгаа. Өнөөдөр биш ч тэртээ тэргүй салах л ёстой байсан харилцаа. Тийм харилцааг эртхэн дуусгасан гэх юм уу даа. Одоо манай хүүхэд таван настай. Таван жилийн турш ганцаараа, мөнчгөрөөрөө явж, ажлаа хийнэ, хүүхдээ өсгөнө, мөнгөө олно, гэр орон, байр саваа зохицуулж, хүүхдийн төлбөр, түрээс гээд бүх зүйл миний нуруун дээр ирдэг байсан. Мэдээж хүн тэвчинэ, тэснэ, өөрийнхөө хариуцлагыг үүрнэ. Хүмүүс намайг модел хийгээд маш их мөнгө олоод амьдраад байдаг гэж эндүүрдэг. Гэтэл үгүй. Би өөрөө хуульч мэргэжилтэй хүн.
ХҮНД СОХРООР ИТГЭЖ БОЛОХГҮЙГ ЯСАНДАА ТУЛТАЛ ОЙЛГОСОН
Саяхан старт ап компаниудад, хэрхэн зах зээлд гарч ирэх вэ гэх маркетингийн зөвлөгөө өгдөг компанийг үүсгэн байгуулж байлаа. Ёстой л залуу насныхаа эрч хүчээр, би чадна гээд л байгуулж байсан юм. Тэр үе яг корона вирусийн цар тахалтай жил. Хэн ч зориглож бизнес хийхгүй байхад, босгоод ирж байсан л даа. Тэгэхэд монголын нэлээн том компани манайхаар 2-3 рекламаа хийлгэсэн. Би ч итгэлцэл дээр тулгуурлаад, гэрээ хийлгүйгээр бүх ажилд нь өөрт байсан хамаг хөрөнгөө зарчихсан. Биенээ таних юм чинь, олон удаа утсаар ярилцаад хоорондоо тохирчихсон юм чинь гээд итгээд хийгээд өгсөн. Одоо хүртэл мөнгөө авч чадаагүй. Бараг жил болж байгаа. Энэ бол миний хувьд маш том сургамж болсон. Хэзээ ч гэрээ байгуулалгүйгээр ажил хийж болохгүй юм байна. Хүнд итгэж болохгүй юм байна гэдгийг ясандаа тултал ойлгож байгаа юм. Бизнесийн үйл ажиллагаанд итгэлцэл чухал ч гэсэн сохроор итгэх асуудал байж болохгүй юм байна гэдгийг би маш сайн ойлгосон.
ӨӨРИЙНХӨӨ СУЛ ДОРОЙ БАЙДАЛТАЙ НҮҮР ТУЛАХ ИХ ХЭЦҮҮ
-Хүнд цохилт болжээ дээ.
Тийм ээ. Тэгээд л би гутарчихсан. Үхье гэж бодсон гэх нь ч хаашаа юм. Гэхдээ амьдрал ямар ч утгагүй болж эхэлж байсан. Яагаад гэхээр өнөөдрийг хүртэл хичээсэн, хийсэн бүхэн минь ямар ч үнэ цэнгүй худал байж, найз нөхөд маань ч нүүрээ буруулж байсан даа. Би өөрийгөө бүхнийг хийж чадна гэж боддог байсан бол энэ бодол бүхлээрээ эргэсэн. Чаддаггүй гэдгээ хүлээн зөвшөөрч, өөртэйгөө нүүр тулсан хэрэг. Үүнийг мэдрэх маш хэцүү юм билээ.
-Хүн уналтын үедээ бусдыг таньж ойлгоно гэхээс илүү өөрлүүгээ өнгийдөг юм шиг. Та юу гэж боддог вэ?
-Би ийм алдаатай хүн байж, би ийм муухай ааштай, хөгийн хүн байсан юм байна шүү дээ гэдгээ бас нэг талаараа олж харж байсан нь үнэн. Хүн сэтгэл гутралд орохоороо ерөөсөө л уух гээд байдаг болчихдог юм билээ. Ууна гэдэг нь долоо хоногтоо 2-3 удаа алкохол хэрэглэх зуршилтай болохыг хэлж байгаа юм. Тэгээд л өөртэйгөө ярилцана. Ганц бие хүн нөхөртэйгөө ярилцана гэж байхгүй шүү дээ. Толгой дээрээ ачаагаа аваад явж байгаа хүн чинь аав ээж рүүгээ ингэлээ тэглээ гэж тэр болгон ярихгүй. Нэг мэдэхэд заавал нойрны эм, эсвэл дарс уухгүй бол унтаж чадахаа байчихсан. Хүнтэй юм ярих гэхээр, өөдрөг сэтгэл зүйтэй биш байгаа хүн чинь хэзээ ч инээж ханиагаад гоё зүйл ярьж чаддаггүй юм билээ.
-Энэ хүнд үеэ даваад гарчихсан хүний хувьд юу хэлэх вэ?
-Сэтгэл санаагаар унасан бол гурван зүйлийг хамгийн түрүүнд хий л гэж хэлдэг. Нэгдүгээрт архи хэзээ ч битгий уу. Сэтгэл гутралд орсон бол түр үүнийгээ хойш тавь. Спортоор хичээллэ. Ямар ч спорт байж болно. Гурав дахь нь зөв хооллох. Долоо хоногт 2-3 удаа мах идэхгүй байгаа үз. Энэ арга их дэм болно.
ХҮНД ҮЕД НАЙДВАР ТАВЬЖ БАЙСАН НӨХӨД НҮҮРЭЭ БУРУУЛЖ, САНААНД ОРООГҮЙ ХҮН ТУСАЛДАГ ЮМ БИЛЭЭ
Хүн болгоны амьдралд доошоо урууддаг үе байгаа. Нэг чинь уруудчихсан байхад, “цаадах чинь ингээд явж байна билээ” гэж, тэр хүн дандаа тийм байх юм шиг ярьж болохгүй. Яагаад гэвэл чи ч гэсэн тийм байдалд орно.
Энэ хугацаанд өөрийнхөө хамгийн доод уналтын цэг рүү очоод, өөрийгөө нэг хараад, би ямар найз нөхөдтэй байсан юм, ямар хүн байсан, яаж амьдарч байсан гэдгээ л харсан даа. Яг тийм хэцүү нөхцөлд орсон үед туслах байх гэж бодсон найзууд холдож, эсрэгээрээ дотно байгаагүй хүмүүс хамгийн түрүүнд тус болсон. Нэг жил хагасын хугацаанд хүрээллийнхээ 70-80 хувийг шинэчилсэн шүү.
-Өөртөө л найдах хэрэгтэй байх нь. Тийм үү?
-Яг эцсийн бүлэгт энэ байдалд өөрөөс өөр хэн ч үлддэггүй. Хүн өөрийгөө л босгодог. Тиймээс дандаа хүчтэй байх хэрэгтэй.
-Одоо юу хийж байгаа вэ?
-Сүүлийн үед би банджи фитнес спортын төрлийг оруулж ирээд найз охинтойгоо ажиллуулж байгаа. Түүнээс гадна Лаура VIP тураах аппаратаар үйлчилдэг салоныг ажиллуулж байна. Цагаа тулвал хүн болгон захирал байж чадах л юм билээ. Бизнес урт хугацаандаа яаж хөгжих, яаж дэлгэрэх, яаж байр сууриа олох вэ гэвэл хэн нэгний асуудлыг шийдэж байх ёстой. Асуудлыг нь шийдэж байгаа бол тэр бизнес үргэлжилнэ. Банджи фитнес бол маш олон хүний асуудлыг шийдэж байгаа. Гэртээ сууж байсан, бага зэргийн саажилттай, хэзээ ч спортоор хичээллэж чадахгүй байх гэж бодож байсан хүн манайд хичээллэж, хөл гар нь хөдөлдөг болсон. 50-60 насны хүмүүс манайд явж А, Б сууж чаддаг болсон. Сунгалттай болно гэдэг нь хөгшрөлт зогсож байна гэсэн үг. Манай салоны хувьд тураах эрүүлжүүлэх үйлчилгээг аппаратаар үзүүлдэг. Хоёр асуудлыг шийдэж байгаа юм. Түүнээс биш манайд бүх үйлчилгээ байхгүй. Фитнест яваад турахгүй хүн байна. Хоолны дэглэм бариад ч турдаггүй хүн байна. Тэгэхээр манай аппарат өөхний эсийн хөгжлийг зогсоодог. Өөх хөлдөөх технологийн аппарат одоогоор манайд байхгүй. Янз янзаар үзээд амжилт олоогүй хүмүүст арай өөр арга л санал болгож байгаа юм. Энэ хүмүүсийн асуудлыг шийдэж байгаа хэлбэр мөн.
-Баярлалаа. Сүүлийн хормыг таньд үлдээе.
-Ирээдүйд миний бизнес томорч, олон хүнд цалин тавьдаг болоод ирэхээр бүр том асуудал руу орох л байх. Гэхдээ айхгүй байна. Хүн цалинжуулах нэг бодлын их хэцүү. Гэхдээ маш гоё. Өөрийнхөө гэр бүлээс өөр хүний өмнө хариуцлага хүлээж, амьдралыг нь нуруун дээрээ авч яваа юм шиг мэдрэмж их баатарлаг санагдуулдаг. Бизнес эрхэлдэг хүмүүс цаанаа их зоригтой хүмүүс байдаг байх гэж боддог. Би өөрийнхөө хийж буй бизнест маш итгэлтэй байгаа. Гоё болно. Яг үнэндээ монголчууд нэгнээ маш гоё дэмждэг. Бүх хүмүүс намайг дэмжиж байна. Дэмжлэг, хүсэл мөрөөдөл байгаа цагт сайхан зүйл бий болно гэж боддог.