Авлигатай тэмцэх газраас өнөөдөр/2023.12.08/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн.
УИХ-ын Хянан шалгах түр хорооноос ирүүлсэн албан бичгийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг БНХАУ-ын компаниудад хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавихаар болсон билээ.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:
"Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал болон тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадраа нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2023 оны есдүгээр сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын хяналтын шатанд явж байна. Энэ хэрэгт ямар асуудлуудыг тогтоосон гэхээр Монгол Улсын Газрын тухай хуульд тухайн шатны Засаг дарга нь газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэдэг хуулийн зохицуулалтыг зөрчиж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан эрх мэдлээ урвуулан ашигласан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал гэгч нь 2020 оны наймдугаар сарын 7-ны А/225 дугаартай захирамжаар “Фүжи бит” компанид Ханбогд сумын Хайрхан тавдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 13.6 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн" гэв.