Монгол Улсын Засгийн газар болон Кэмбриджийн их сургууль хамтран Чингис хааны талаар гүнзгийрүүлж судалгаа хийхээр болжээ. Барууны орнуудад түүнийг 13-р зууны үеийн “Харгис” удирдагч байсан мэтээр тодорхойлдог ч “Сайн дипломатч, Удирдагч, Шинийг сэдэгч” байсныг нь мөн онцолдог. Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн сард Их Британид айлчлахдаа энэ талаар ярилцсаныг BBC агентлаг дурьдсан байна. Кэмбриджийн их сургуулийн Монгол, Ази судлалын ангиуд энэ судалгаанд нэгдэхээр болжээ. Ингэснээр Монголын эзэнт гүрний нөлөө дэлхий дахинд хэрхэн нөлөөлж ирсэн талаар ойлголттой болох боломжтой болж байгаа аж. Шуудан, паспорт зэргийг Чингис хаан анх сэдсэн гэхэд буруудахгүй гэдгийг BBC агентлаг мөн онцолж буй. Чингис хааны Монголын эзэнт гүрний үед бүх шашинд нээлттэй байсан нь түүнийг энх тайвныг сахиулагч байсныг нэг талаас харуулж байгааг соёлын сайд мөн онцолжээ. Кэмбриджийн их сургуулийн проф. Д.Снит бүх домог цуу яриан ард байх чин үнэнийг олж мэдэх хүсэлтэйгээ илэрхийлсэн ба зөвхөн Чингис хаан гэлтгүй, түүний үлдээсэн мөр, нөлөөллийг судлахыг эрмэлзэж буй аж.