“Ургацын баяр–2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр/2023.12.07/ боллоо. Тус барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын даян аварга Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Д.Алтанцоож нар шалгарлаа. Шөвгийн наймд улсын заан Б.Серик, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Г.Ганбаатар, Ц.Төмөрцоож нар үлджээ. Барилдаан зохион байгуулагчдын зүгээс түрүү бөхөд мөнгөн шагнал дээр нэмж хурдан удмын даага, хоёр жилийн хэрэгцээний гурил, 300 кг хүнсний ногоо, үзүүр бөхөд мөнгөн шагнал дээр нэмж Лимузин үүлдрийн бухан бяруу, хоёр жилийн хэрэгцээний гурил, 300 кг хүнсний ногоо, дөрөвт шалгарсан бөхчүүдэд тус бүр гурван жилийн хэрэгцээний гурил, 300 кг хүнсний ногоо гардуулсан юм.
Ойрын дөрвөн өдрийн "Алтан цом"-ын төлөөх барилдааны хуваарийг танилцуулж байна.
Өнөөдөр/2023.12.08/ Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж, 15:45 цагаас Булган-Сүхбаатар, 19:45 цагаас Баянхонгор-Дорноговь аймгууд барилдана.
Бямба гарагт/2023.12.09/ 12:45 цагаас Хөвсгөл-Говьсүмбэр, 16:45 цагаас Архангай-Баян-Өлгий аймгууд барилдана
Харин ирэх даваа гарагт буюу 12-р сарын 11-ний өдөр 19:45 цагаас Ховд-Төв, 12-р сарын 12-ны өдөр 19:45 цагаас Өвөрхангай-Сэлэнгэ аймгийн бөхчүүд барилдах хуваарьтай байна.