Тайланд улсын Ратчасима хотод үргэлжилж буй Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадамд Монгол Улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байна.
Тодруулбал, пауэрлифтингийн 107 кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ. Тэрбээр цээжнээс 242 кг-ийг амжилттай шахснаар төрийн дуулалаа Тайландын тэнгэрт эгшиглүүллээ.
Э.Содномпилжээ нь 2023 онд ДАШТ-ээс мөнгө, Европын аварга шалгаруулах тэмцээнээс алт, “Ханжоу-2022” Азийн пара наадмаас мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын шилдэг тамирчин. Ийнхүү тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадмаас алтан медалийн эзэн боллоо. Э.Содномпилжээ энэ онд тив, дэлхийн наадмуудаас дөрвөн медаль хүртээд байгаа юм.