2023 оны амжилт, ялалтаа дүгнэсэн Боксын насанд хүрэгчдийн УАШТ нээлтээ хийлээ. Улиран одож буй ондоо Монголын ширэн бээлийтнүүд Олон улс, хилийн чанадад болсон томоохон цар хүрээтэй тэмцээний уралдаанд амжилт дүүрэн оролцож, бүх насны ангилалд 100 гаруй медаль зүүжээ.
Тэмцээний медальтнууд болон ирэх оны олимпын эрхийн төлөө өрсөлдөх тамирчид энэ сарын 09-ний өдөр тодорно. Тэмцээний тулаанууд өдөр бүр 14:00 цагт эхэлж байна.
Тэмцээний жин
Үндэсний олимпын хороо бүр “Парис-2024” тэмцээнд нэг жинд эрхээ авсан нэг л тамирчин оролцуулах эрхтэй.
Тэмцээний медальтнууд эрэгтэй 7, эмэгтэй 6 нийт олимпын 13 жинд тодорно.
Боксын насанд хүрэгчдийн УАШТ-д эмэгтэйчүүд 50 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 66 кг, 75 кг, эрэгтэйчүүд 51 кг, 57кг, 63.5 кг, 71 кг, 80 кг, 92 кг, +92 кг гэх жингийн ангиллаар өрсөлдөж байна.
Тэмцээнд оролцогчдын тоо
2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-д 35 байгууллага, клубийн 160 гаруй тамирчин өрсөлдөж байна. ХХ зууны манлай дасгалжуулагч, МУГД В.Батбаярын нэрэмжит 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 4-9-ний өдрүүдэд спортын төв ордонд үргэлжилнэ.
Шүүгчдийн бүрэлдэхүүн
Олон улсын боксын холбоо (Aiba) Олон улсын техникийн төлөөлөгч, Олимпын зэрэглэлийн шүүгч, ОУХМ Г.Бадрах хяналтын шүүгчээр ажиллаж байна. Нийтдээ 18 шүүгч тус тэмцээнийг дэнсэлж байгаа юм.
Амжилтаа мялаалгасан боксчид
Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр Дэлхийн аварга шалгаруулах рингнээс медаль хүртсэн тамирчдаа Монголын Боксын холбооны ерөнхийлөгч У.Баатар тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүд амжилтыг нь мялааж хамгийн өндөр мөнгөн шагналаар урамшууллаа.
Узбекистаны Ташкент хотноо 2023 оны тавдугаар сард болсон Эрэгтэйчүүдийн ДАШТ
Дэлхийн аваргын мөнгөн медалийг 63.5 кг-ийн жинд хүртсэн МУГТ Б.Чинзоригт Олон улсын боксын холбооноос ирүүлсэн 344.000.000 төгрөг
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 67 кг-ийн жинд хүрэл медаль зүүсэн Б.Мишээлд 172.200.000 төгрөг
Энэтхэгийн Шинэ Дели хотноо 2023 оны гуравдугаар сард болсон Эмэгтэйчүүдийн ДАШТ
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн М.Алтанцэцэгт 172.200.000 төгрөг
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн М.Энхжаргалд 86.100.000 төгрөгийн мөнгөн шагналын батламжийг тус тус гардуулан өглөө.
Боксын насанд хүрэгчдийн 2024 оны УАШТ-ий хаалтын үйл ажиллагаа энэ сарын 09-ний өдөр буюу бямба гарагт болно.