Time сэтгүүл жил бүрийн онцлох хүмүүсийг оны төгсгөлд тодруулдаг. Тэгвэл энэ жилийн онцлох хүнээр дуучин Тэйлор Свифтийг тодруулжээ. Түүнчлэн People сэтгүүл түүнийг 2023 оны хамгийн сонирхол татсан хүнээр тодруулсан бол Форбес сэтгүүлээс түүнийг хэвлэл мэдээлэл, энтертайнмент салбар дахь дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтын 1-р байранд оруулсан юм.
Грэммигийн 12 удаагийн шагналт Тэйлор Свифт 33 настайдаа карьерийнхаа оргилд хүрч буйг хэвлэлүүд онцолж байна. Тэрээр энэ жил Spotify-ын дэлхийн хэмжээнд хамгийн их уран бүтээл нь цацагдсан дуучин болсон бөгөөд өмнө нь Bad Bunny энэ амжилтыг гурван жил дараалан хүртэж байсан юм. Spotify Wrapped-ийн мэдээлснээр, түүний дуунууд он гарснаас хойш нийт 26.1 тэрбум гаруй удаа цацагдсан байна. Түүнчлэн дуучин бүсгүйн энэ жил эхлүүлсэн аялан тоглолт нь “маш өндөр” амжилт үзүүлж, орлого нь эрчтэй нэмэгдсэн. Улмаар түүнийг өөрөө хөрөнгөжсөн урлагийн салбарын тэрбумтан эмэгтэй болгосон билээ.