Blackpink хамтлагийн бүх гишүүн агентлагийн гэрээгээ сунгажээ. Ингэснээр тэд уран бүтээлээ хамтдаа үргэлжлүүлэн хийх боломжтой болж байна.
Энэ тухай YG энтертайнмент лхагва гарагт мэдэгдэл хийсэн бөгөөд тэдний гэрээ хамтлагийн гишүүд болон агентлагийн итгэлцэл дээр суурилсан гэв. 2016 онд байгуулагдсан Blackpink нь дэлхийн хамгийн том К-поп охидын хамтлаг болж чадсан. Тэдний сунгасан шинэ гэрээ нь энэ жилийн хамгийн ашигтай гэрээ байлаа гэж хэвлэлүүд тодотгож байна. Түүнчлэн Blackpink хамтлаг дэлхий даяарх шүтэн бишрэгчдэдээ зориулж шинэ цомог, тоглолт хийнэ гэдгийг тус агентлаг хэллээ. Шинэ гэрээний нөхцөлүүд одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд YG-ийн мэдэгдэлд тус хамтлагийн Jisoo, Lisa, Jennie, Rosé нартай хийсэн хувийн гэрээний талаар мэдээлэл огт дурдаагүй байна. БНСУ-ын "Ёнхап" агентлаг эдгээр гэрээ хэлэлцээрийн шатанд байгаа гэж мэдээлэв.