“Ургацын баяр-2023” ёслолд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлж амжилт хүсэн ерөөв.Тэрээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран ажилласнаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дотоодын хангамж, экспорт нэмэгдэж байгааг тэмдэглэв. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 1,857 аж ахуйн нэгж, иргэнд нийт 675 орчим тэрбум төгрөгийн зээл олгож, хүнс, хөдөө аж ахуйн нийт 19 төрлийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжид импортын гаалийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн нь “Хүнсний хувьсгал” эрчимтэй өрнөхөд чухал түлхэц болж байгааг онцлов.
Цаашид хүнсний гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, улмаар хүнс экспортлогч орон болохын төлөө төр, засаг, ард иргэд нэгдэн, эх оронч сэтгэлээр хамтран зүтгэхийг уриаллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, дэмжлэгийн дүнд энэ жил 175 мянган тонн төмс, 185 мянган тонн хүнсний ногоо хураан авч, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ.
Сонгино, саримс, лууван болон өндөгний хангамж 3-12 хувиар өсөж, хүлэмжийн ногоо 27, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл зургаан хувиар нэмэгдэх төлөвтэй байна.
Монгол Улс анх удаа хүнсний ногоо хураалтаараа түүхэн дээд амжилт тогтоожээ.
Он гарсаар хүнсний салбарт олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх болон мах боловсруулах, бяслаг үйлдвэрлэх 11 үйлдвэр шинээр ашиглалтад орсон байна. Махны экспортоос 277 сая ам.долларын орлого олж, хүнсний бүтээгдэхүүний импорт 12 хувиар буурчээ.
Энэ нь нэг тэрбум гаруй ам.доллароор гадаадаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг манай улс энэ жил 120 сая орчим ам.долларыг эх орондоо үлдээх боломж бүрдүүлсэн гэсэн үг юм.