Эрүүл мэндийн боловсролтой, сэтгэлзүйн хувьд тогтвортой, санхүүгийн эрх чөлөөтэй ирээдүйн шинэ үеийг бэлдэх зорилготой ЖИГҮҮР төслийн хүрээнд сэтгэл зүйн эрүүл мэнд, эерэг дадал хэвшлийг түгээх зорилгоор Оптимал Эн Макс ХХК-н HabiDo аппликейшн хамтран ажиллахаар боллоо.
HabiDo нь эрүүл амьдралын хэв маягийг алхам, алхмаар өөртөө хэвшүүлэхийг хүсэж буй хэн бүхнийг хөтлөх дадал хэвшүүлэгч аппликейшн бөгөөд өдгөө 80 мянга гаруй бүртгэлтэй хэрэглэгчтэй, тэдний 5 мянга гаруй нь сар бүр идэвхтэйгээр эерэг дадлыг суулган, урамшуулалт сорилт, хөтөлбөрүүдэд хамрагдаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд төсөлд хамрагдах 2000 хүүхдэд HabiDo аппликейшнийг бүтэн 1 жилийн турш үнэгүй хэрэглүүлэх болсон ба ингэснээр хүүхдүүдэд дараах боломжууд үүсэх юм:
– 24/7 ажиллах сэтгэл зүйн чатбот ашиглах
– Өөрийгөө танин мэдэх баталгаат сэтгэл зүйн тестүүд бөглөх
– Анги, хамт олноороо бүлэг үүсгэн дадлаа хэвшүүлэх
– Мэдрэмжээ тэмдэглэж, түүхээ харах
2024 оны турш нийт 4 ЕБС-н 9-11 дүгээр ангийн 2000 өсвөр үеийн хүүхдүүдийг хамруулах "Жигүүр" төсөл нь дараах 3 чиглэлээр өсвөр үеийнхний боловсролд анхаарах юм.
1.Эрүүл мэндийн боловсрол 2.Сэтгэл зүйн боловсрол 3.Санхүүгийн боловсрол
Дээрх зорилгын хүрээнд Эрүүл амьдралын жигүүр ТББ-н Гүйцэтгэх захирал Н. Нандинзул, Оптимал Эн Макс ХХК-н Бизнес хөгжил, стратегийн газрын захирал Б. Алтанзул нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.