24 цагийн гүйлтийн ДАШТэмцээнд Монголын баг тамирчид анх удаа бүтэн багаараа амжилттай оролцлоо.
Тус тэмцээн Тайваний Тайпэй хотод энэ сарын эхээр болж өндөрлөж дүнгээ гаргалаа.
Монголын баг тамирчдын ахлагчаар холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч /ОУХМ/ Б.Батболд, Дасгалжуулагчаар /гүйцэтгэх захирал/ С.Өнөрбаяр нар ахалж ДАШТэмцээнд анх удаа бүтэн багаараа оролцсон байна.
24 цагийн гүйлтийн ДАШТэмцээнд 45 улс оролцсоноос эрэгтэй баг 16-р байранд, эмэгтэй баг 18-р байранд шалгарлаа.
24 цагийн гүйлт
Э.Ганбат 233.117км
П.Отгонбаатар 212.278км
Н.Лхагва-Эрдэнэ 192.450км
Б.Гүнтэвчимэг 183.350км
Ч.Батжаргал 180км
12 цагийн гүйлт
Ч.Пүрэвжав 117.800км
Харин 34 хүртэлх насны ангилалд Э.Ганбат, 40-44 насны ангилалд Н.Лхагва-Эрдэнэ, Ч.Пүрэвжав нар ОУХМ, Б.Гүнтэвчимэг Спортын мастер шинээр цол зэргийн 2020 оны шинэчилсэн нормативаар болзлоо биелүүлжээ. Тэмцээн болсон өдрүүдэд цаг агаарын хувьд салхитай, хүйтэн бороотой, сэрүүн өдөр байсныг оролцогчид хэлж байна.
24 цагийн турш өөрийгөө ялж, сэтгэл зүйгээ бэлдэж, хоол хүнсээ тохируулж, нойр, ядралтаа тэвчиж, булчин өвдөх, шөрмөс татах, суга цавь холгох, хувцсаа зохицуулах, хөлийн хумснууд нь нурах, цэврүү үсрэх зэрэг хүндрэл бэрхшээлүүдийг даван туулж тамирчид замаа амжилттай дуусгажээ.
Хэт холын марафон, 24 цагийнх тэр дундаа марафон гүйлт нь тухайн тамирчнаас асар их тэсвэр тэвчээр, хүч зориг, хатуужил, олон өдөр сарын бэлтгэл сургуулилтыг өндөр түвшинд шаарддаг билээ.
Мөн тус тэмцээний үеэр /Open Race/ Мастеруудын ДАШТэмцээнийг давхар зохион байгуулсан байна. Монгол улсаа төлөөлөн ОУХМ З.Нина 60-64 насны ангилалд 131,800км гүйж ангилалдаа 5-р байранд оржээ.