Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудалтай холбогдуулан түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр, Б.Хонгорзул нар мөрдөн шалгах ажиллагааны нууцад хамаарахгүй мэдээлэл өглөө.
Энэ үеэр өмгөөлөгч П.Эрхэмбаяр "Арваннэгдүгээр сарын сүүлээр бид мөрдөн байцаах албан дээр ирэхэд Н.Өнөрцэцэгээс сэжигтний мэдүүлэг авсан. Дараа нь, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулах хуулийн зохицуулалттай. Танилцуулалгүй явуулсан. Хоёрт, прокурорын мэдүүлэх хуудсыг зургаан удаа өгсөн, хоёр удаа ирэхэд нь гарын үсэг зураагүй гэж мэдээлсэн. Харамсалтай нь, үлдсэн дөрвийнх нь тухайд баримт үйлдээгүй.
Хуульд зааснаар, тогтоолтой танилцаж гарын үсэг зурснаар яллагдагч болдог. Зурахгүй гэвэл мөрдөгч уншиж танилцуулаад тэмдэглэл хийдэг. Ингэж тэмдэглэл хийсэн бол мөн яллагдагч болно. Гэтэл зургаан удаа дуудсан гээд байгаагийнхаа дөрөвт нь мөрдөгч тэмдэглэл бичээгүй. Ингээд цагдан хорьё, хилийн хориг тавья гээд саналуудыг прокурорын байгууллагаас шүүх рүү өгөөд байсан. Үүнтэй холбоотой, өмгөөлөгчийн зүгээс холбогдох, гомдол хүсэлтүүдийг өгөөд явж байна.
Мөн СХД-ийн шүүгч Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Одоо Чингэлтэй дүүргийн шийдвэр хүчинтэй эсэх тодорхойгүй байна. Ийм зөрчил гарсан. Өмгөөлөгчийн баг арга хэмжээ авч, ажиллаж байна" гэлээ.