Төвлөрсөн бус усны эх үүсвэртэй Зайсан орчмын орон сууцны хорооллын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар-Ecoli, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч-Salmonella, shigella буюу хүний өтгөнөөс ялгардаг савханцар илэрсэн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр мэдээллээ.
Мөн нитрат, ионы агууламж ундны усны ерөнхий шаардлага MNS 0900:2018 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ундны усандаа шинжилгээ хийлгэх шаардлагатай байгааг анхааруулж байна.
Тэрээр, "Өглөө босоод усанд орсон хүнээс юу үнэртдэг вэ" гэж нэг хүн над руу утсаар ярьж асуусан. Тэгэхээр тэр айлын орон сууцны ундны ус нь өмхийрсөн байна гэсэн үг. Мөн шүүлтүүр худалдаалдаг газрууд бизнесээ бодоод байх шиг байна. Усны шүүлтүүр усыг шүүхдээ удаанаар шүүдэг, тэр дороо шүүдэггүй.
Усаа хэмнэе, хамгаалъя гэж ярьж байгаа нь ард түмний аюулгүй байдлын төлөө. Зундаа үер болсон бол өвөлдөө хуурай үер болох нь байна. Усандаа тааруулж, тооцоолж барилга барьдаггүйн гай одоо гарч ирж байна.
Дээрх нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар (E.coli) илэрч буй нь нүхэн жорлон, бохирын цооног болон ариутгах татуургын системийн найдваргүй байдал, үерийн ус, цасны хайлалт, хөрсний бохирдол зэргээс үүдэлтэй байна. Энэ асуудлаар ОБЕГ болон ХӨСҮТ-рүү халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж өгнө үү гэж хүсэлт явуулсан" гэв.