"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ерөнхий танилцуулга, нүүрсний үйл ажиллагаатай холбоотой найман компанийн асуудлын хүрээнд шинжээчийн дүгнэлт тайланг сонслоо. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүмүүсээс Хянан шалгах түр хорооны гишүүд асуулт асуув.
Энэ үеэр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь, “Миний бие тус компанийн гүйцэтгэх захирлаар 2012-2015 он хүртэл 2.4 жил ажилласан. Тухайн үед зүүн Цанхийн уурхайг нээгээд "Макмахон Лимитэд" ХХК-аар олборлолтоо явуулдаг. Олборлосон нүүрсээ бүгдийг нь Чалкогийн өрд төлдөг байсан. Тухайн үед нээлттэй тендер зарлахад Монголын гурван компани орж ирсэн. 6,000 гаруй төгрөгийн хямдхан үнэ орсон. Бүгдийг нь баруун Цанхийн уурхай руу оруулсан. Нэг тонн нүүрсийг 10 гаруй ам.доллароор гаргаж ирж байгаа юм.
Гэтэл Хятадын талд нүүрсний үнэ огцом унасан. Чалкод нийлүүлж байсан нүүрсний үнэ 70 ам.доллар байсан. Гэрээний дагуу Хятадын нүүрсний зах зээлийн индексээр унахаар гэрээ хийсэн учраас үнэ нь 20 ам.доллар болсон. Тиймээс зүүн Цанхийг зогсоогоод баруун Цанхийг явуулж эхэлсэн. Тиймээс гүний гааль байгуулж нүүрсээ уурхайн ам нөхцөлөөр зарж эхэлсэн нь хамгийн зөв байсан. Ийнхүү баруун Цанхи өндөр ашигтай ажиллаж эхэлсэн. "Эрдэнэс Монгол" ХК нүүрсээ пүүлж зараад мөнгөө тоолоод суудаг байсан. Ямар нэгэн тээвэрлэлт хийхгүй. Асар хэмжээний зардал гарч, Хятадын компаниуд манай нүүрсийг буулгаж зараад ашиг олж байсан учраас Цагаан хадыг хаалгасан. Шинжээчийн дүгнэлтэд "Эрдэнэс Монгол" ХК 2016, 2017 онд алдагдалтай ажилласан гэж байна. Энэ компани нэг ч жил алдагдалтай ажиллаагүй. Чалкод төлөх өрийг алдагдал, зардал гэж тооцоод байдаг.
МОНГОЛ, ХЯТАДЫН ТУС БҮР НЭГ КОМПАНИЙГ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-Д ОПЕРАТОРААР 100 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ОРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭР ЭХЭЛСНИЙГ БИ ЭСЭРГҮҮЦСЭН
Зүүн Цанхийг оператор компани авсныг буруутгаад байх шиг. УИХ-ын 39 дүгээр тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 хувийг Лондоны бирж зарна гэсэн шийдвэр гарсан. Үүний хэрэгжилтийг хангахын тулд Засгийн газраас байнга шахалт үзүүлдэг байсан. Олон улсын хөрөнгийн бирж дээр зарахын тулд барууны орнуудын том менежмент бүхий компаниудыг авч ажиллах шаардлагатай. Тухайн үед "Эрдэнэс Тавантолгой" ХК-д эзэн суух, авах гэсэн санаархал томоохон бүлэглэлээс гарч ирсэн. "Нүүрс удахгүй үнс болно, төрийн компани нүүрс ухдаггүй юм" гэсэн Пи Ар-ыг маш хүчтэй явуулсан. 2014 оны арванхоёрдугаар сард Монгол, Хятадын тус бүр нэг компанийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д оператораар 100 жилийн хугацаатай оруулах хэлэлцээр эхэлсэн. Ажлын хэсэгт би томилогдоод, эрс эсэргүүцсэн. Долоо хоногийн дараа ажлын хэсгээс хассан, сарын дараа эрүү үүсгэж хорьсон. Хоёр сарын дараа "Шинхау Энержи" компанид 99 жилийн хугацаатай оператор оруулж Тавантолгойн ордыг өгөх гэрээ бүхий тогтоол УИХ-д орсон. Энэ бүхэн Тавантолгойн ордод эзэн суух гэсэн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа явж, биднийг хэлмэгдүүлсэн” гэв.