Энэ оны есдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Тахилтад 12-13 насны хоёр охиныг гарцаар зам хөндлөн гарах үед мөргөж, 12 настай охин газар дээрээ нас барж, нөгөө нь хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн осол гарсан.
Уг ослыг гаргасан жолооч М-д холбогдох шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов.
Шүүхээс хүндэвтэр гэмтэл учруулсан хохирогч хүүхдийн сэтгэл санааны болон бие махбодид учруулсан хохиролд 11 сая төгрөг, амь хохирсон хүүхдийн ар гэрт сэтгэл санааны хохиролд 171 сая төгрөгийг жолооч М-ээс гаргуулж, түүнд дөрвөн жил зургаан сарын хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээр хасаж шийдвэрлэжээ.
Шүүхээс М-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон байна.
М-ийн гэм буруутайд тооцогдсон хэрэг нь 1-5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 1-5 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчлагджээ.