Израил болон Хамас бүлэглэлийн хооронд тохиролцсон гал зогсоох хэлэлцээр дуусаад тав хонож байна. Энэ хугацаанд Израилийн батлан хамгаалах хүчний дайралт эрчимжиж, Газын зурвас дахь энгийн иргэд аюулд өртлөө. Тухайлбал, даваа гарагт Израилийн арми Хамас бүлэглэлийн зэвсгийн нөөцөө хадгалж буй гэх 200 газарт цохилт өгсний улмаас 370 гаруй энгийн иргэн амь үрэгджээ. Түүнчлэн Израилийн батлан хамгаалахын сайд Юав Галлант Хамас бүлэглэлийг бүрмөсөн устгахаар дайралтуудаа эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн юм.
10 дугаар сарын 7-нд талуудын мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурвас дахь 2.2 сая иргэний 1.9 сая нь орон гэрээсээ явахад хүрсэн. Хэдий Израилийн батлан хамгаалах хүчин Газын зурвасыг хойд, өмнөд гэж хоёр хуваасан ч энэ нь төдийлөн ялгаатай биш байгаа юм. Тэд хойд Газа дахь дайралтаа эрчимжүүлж, энгийн иргэдийг өмнөд зүгт явахыг сануулсан. Иргэд Газын зурвасын Египеттэй хиллэх Рафах хянан шалгах цэг дээр олноор бөөгнөрч байгаа бөгөөд тэнд хангалттай олон хүнийг байрлуулах хоргодох байр хүрэлцээгүй байна.
Түүнчлэн Газын зурваст харилцаа холбооны сүлжээ тасарч, тог цахилгаангүй байгаагийн улмаас эмнэлгийн үйл ажиллагаа явагдахад төвөгтэй болж буйг халуун цэг дээр ажиллаж байгаа НҮБ-ын тусламжийн ажилчид мэдээлсэн. Нөхцөл байдал энэ хэвээр цааш үргэлжилбэл амь насаа алдах иргэдийн тоо нэмэгдэж болзошгүй хэвлэлийнхэн мэдээлж байна. Улмаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Израилийн эрх баригчдад галаа зогсоохыг удаа дараалан уриалсаар байгаа юм.